Ё.Отгонбаяр: “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкууд олгож эхлэхэд бэлэн боллоо
“Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг зохион байгуулах талаар Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай гэрээ байгуулах ёслолын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Ё.Отгонбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт
Хатагтай, ноёд оо,
Та бид өнөөдөр Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг зохион байгуулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай гэрээ байгуулах ёслолд хүрэлцэн ирээд байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зээлийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан.
Оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтуудыг бий болгож, оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг батлаад байна.
Өнөөдөр Оюутны хөгжлийн зээлийг Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитран банк олгохоор зээлийн гэрээг байгуулж байна.
Эрхэм хүндэт
Хатагтай, ноёд оо,
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан их, дээд сургуулийн оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилт бодит ажил хэрэг болж,оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкууд олгож эхлэхэд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй,хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно.
Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болоххариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.
Оюутны хөгжлийн зээлийг тасралтгүй, байнга, тогтвортой зохион байгуулдаг нийгмийн үйлчилгээ бий болж байгаа нь нийгмийн хөгжлийн бодлогыг санхүүжүүлдэг, шийдвэрлэдэг шинэ туршлага, арга зам болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Оюутны хөгжлийн зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70000 гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд 2016 оны төсвийн тодотголд 90 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт 110 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн.
Оюутны хөгжлийн зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулдаг болно.
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас оюутны хөгжлийн зээлийг олгож эхлэх гэж байгаа сайхан мэдээг дуулгахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн зорилтмөн ажил хэрэг болгож байгааг мэдэгдэж байна.
Боловсролын зээлийн сангаас 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох ажлыг эхлүүлсэн.
Эрхэм хүндэт
Хатагтай, ноёд оо,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын зээлийн сан, их, дээд сургуулиуд, арилжааны банкууд хамтран оюутны хөгжлийн зээлийг хүнд сурталгүй, төвөг бэрхшээлгүйгээр, түргэн шуурхай зохион байгуулахад онцгой анхаарал хандуулж ажиллах болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа
Сайн үйлс дэлгэрэх болтугай
БСШУСЯам
2016.11.30