Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж буй спортын уралдаан, тэмцээнээс хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог хөлбөмбөгийн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны медальт багуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо.
“Хүрхрээ” дээд лигийн аварга баг 40 сая, мөнгөн медалийн эзэн баг 30 сая, хүрэл медалийн эзэн 20 сая төгрөгийн шагнал гарддаг болсноос хойш хоёр дахь жилдээ тамирчдын амжилтыг өндрөөр үнэлсэн уг урамшуулал эзэддээ хүрэв. Хүнсний манлай үйлдвэрлэг “Арвайн үндэс” компани Монголын хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих үүднээс энэхүү өндөр шагналыг бий болгосон билээ.
Ийнхүү “Хүрхрээ” дээд лигийн тэргүүн байрын эзэн “Эрчим”, хоёрдугаар байрт шалгарсан “Хангарьд”, гуравдугаар байр эзэлсэн “Хоромхон” багийн төлөөлөл өнөөдөр шагналаа гардаж, “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар багийн эзэн, тамирчин, дасгалжуулагч нарт тамирчдын бүтэн таван сарын амжилтыг үнэлж буй шагналыг гардуулав.
“Арвайн үндэс” компанийн ивээн тэтгэж буй “Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улирлын тоглолтод 10 багийн 280 гаруй тамирчин өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх хамгийн олон тоглогчтой улирал болжээ. Түүнчлэн хамгийн олон баг оролцсон, хамгийн олон гоол орсон, хамгийн олон лигеонер тамирчид уригдсан гээд онцлогтой улирал болсныг зохион байгуулагчид онцолж байв.
Ивээн тэтгэгч “Арвайн үндэс” компани лигийн медальт багуудаас гадна 4-10 дугаар байр эзэлсэн бусад багт тодорхой урамшуулал олгож, мөн шилдэг таван тоглогчийг тус бүр хоёр сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэжээ.
Медаль хүртсэн багийн дасгалжуулагч, тамирчид “Хоёр жилийн өмнө дээд лигт түрүүлсэн баг найман сая төгрөгийн шагнал хүртдэг байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс шагналын сан бидний төсөөлж байснаас өндөр болж, хүрэл медаль авахад 20 сая төгрөгөөр тамирчид маань хөдөлмөрөө үнэлүүлдэг боллоо. Хөлбөмбөгийн спортыг дэмжсэн энэ том хөрөнгө оруулалт тамирчдын ур чадвар, идэвхийг сэргээсэн” гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр онцлон, МХБХ болон “Арвайн үндэс” компанийн хамт олонд талархал илэрхийлж байлаа.
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир:
-Хүнсний манлай үйлдвэрлэгч “Арвайн үндэс” компани хоёр жилийн өмнө Монголын хөлбөмбөгийн холбоотой 500 сая төгрөгийн гэрээ байгуулж, Монголын спортын түүхэн дэх анхны өндөр үнийн дүнтэй ивээн тэтгэлгийг бидэнд амласан. Энэ дагуу хоёр дахь жилдээ лигийн медальтнууд өнөөдөр мөнгөн шагналаа бэлнээр гардан авч байна. Энэ бол хөлбөмбөгт хайртай хүүхэд, багачуудын ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг нүүр бардам хэлнэ. Өнөөдөр Монголд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч спорт, тамирчдын өмнө өгсөн амлалтдаа хүрч, шагналын санг бууруулалгүйгээр лигийн багуудыг урамшуулсан энэ хамт олонд бид маш их баярлаж байна. Монголын хөлбөмбөгчид энэ их итгэл, урам зоригийг амжилт, хөгжил дэвшлээр хариулна гэдэгт эргэлзэхгүй байна.
“Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил
-Монгол Улсын манлай хүнсний үйлдвэр “Арвайн үндэс” компани, манай хамт олон Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа баяртай байдаг. Хөрөнгө оруулалт, бидний хичээл зүтгэл эхнээсээ үр дүнгээ өгч, манай хөлбөмбөгчид ур чадварын хувьд шат ахиж, лигийн чанар, тоглогчдын үнэлэмж өндөр болж байгааг хүн бүхэн бодитоор харж байгаа. Азийн хэмжээний тэмцээнд ялагдал, тэнцээтэй ирдэг байсан бол одоо бид хождог болсон. Спортод бодитой хөрөнгө оруулалт хийх зоригтой алхам хийж чадвал манай тамирчдад боломж, бололцоо байгаа гэдгийг хөлбөмбөгчид харуулж байна. Манай компаниас гадна "Хүрхрээ" дээд лигийн багуудыг ивээн тэтгэж, МХБХ-той хамтран ажиллаж байгаа бусад спонсор байгууллагуудад бас талархснаа илэрхийлье. Бидний хамтын амжилт хөлбөмбөгийн спортыг улам өндөр хэмжээнд хөгжүүлээсэй гэдгийг хүсч байна.
Дашрамд сануулахад, Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг алдаршуулах "Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 12-нд болно. Лигийн тамирчдынхаа шагнал гардуудах ёслолыг амжилттай зохион байгуулсан МХБХ-ныхон энэ өдрүүдэд шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах арга хэмжээнд гол анхаарлаа хандуулж байна.
Б.БАЯСАХ