Хамтдаа анализ хийе л дээ…

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хамтдаа анализ хийе л дээ…

Наадам болж, биднийг налайж найрлаж байх хооронд
цаана чинь төрийн эргэлт бэлэн болоод байна. Манайхны олонхи анализыг
дэндүү боловсролтой, гаргуун ухаантай лут хүн хийдэг гэж бодоод байдаг
юм. Энд боловсрол, мэдлэг, мэдээллийн бааз, туршлага гээд олон хүчин
зүйл нөлөөлөх нь мэдээжийн хэрэг. Хэрэв мэргэжлийн хүмүүс тусалж,
чиглүүлээд өгвөл Та ч гэсэн анализ хийж чадна гэж би бодож байна.

Зуны дэлгэр цагт манайхан энд тэндгүй “бүх ард түмний хурилтай” явуулж,
“байнгын анализ” хийдгийг би сайн мэднэ. Заримдаа ч мэргэжлийн бид
атаархамаар “анаалийздаг” тохиолдол олон байдаг. Тэгэхлээр бүгдээрээ
хамтдаа анализ хийгээд үзье л дээ. Энэ удаад Та бидэнд “анаалийздаад”
сууж байх цаг зав их хомс учраас ингэж байгаа хэрэг л дээ.

Монголын улс төр гадна талаасаа учир замбараагүй, утгагүй, толгой эргэм
санагдах авч хэрэв анхааралтай ажиглавал хэдхэн хүний дур зоргийн үйлдэл
байдаг. Тэд эрх мэдэлтэй бол хар аяндаа ухаантай болдог гэж тун эндүү
бодох бөлгөө.

Ойлголтыг дэс дараалан эрэмбэлэх нь
Үзэгдэл, мөн чанар гэсэн ойлголт байдаг. Та бидний зорилго бол үзэгдлийг
“даван туулж” мөн чанарт дэс дараалан хүрэх явдал мөн. Ингээд дэс
дараалан “задлаад” үзье.

Нэг. Одоо МАНАН гэж нэг аймаар “юм” байна. Түүнтэй
саяхан нэрээ авсан МАХН “ганцаараа” тэмцэж байна. Олонхи хүнд ингэж
харагдаж буй боловч энэ бол мэдээж үзэгдэл. МАНАН гэх нэр томъёог МАХН
шинэчлэгдэж МАН болох үед сэтгүүлч А.Баатархуяг ёж байдлаар анх
томъёолсон юм. Одоо ч бараг ардын хэллэг болж. Энэ нэр томъёонд өргөн
явцуу хоёр утга бий. Өргөн утга нь МАН болон АН-ыг хамтад нь илэрхийлнэ.
Явцуу утга нь Хамтарсан Засгийн Газрыг хэлнэ. Хэвлэл мэдээллийн тоймоос
үзэхэд зорилго болон үзэмжээсээ шалтгаалан аль алийг нь холин хэрэглэж
байгаа. Гэхдээ явцуу утгыг нь илүүтэй хэрэглэж байгаа мэт. Эндээс эхний
“алдаа” гардаг.

Хоёр. Одоо үргэлжлүүлэн “задлах” аргаар явна. МАНАН бол
МАН болон АН-аас бүрдэнэ. Тэдний үйлдлийг тус тусад нь ярихаас өөр
аргагүй. Учир нь сонгуульд МАНАН орохгүй, хоёр нам орно. Гэхдээ МАНАН
бол нөлөөллийн хамгийн гол субъект мөнөөс мөн…

Гурав. Хамтарсан Засгийн Газар “уламжлалт хоёр”
намын зааг ялгааг арилгаж, “шинэ нам”-ын дүр төрхтэй, нэгдмэл эрх
ашигтай нэг бүлэг болж хувирсан. 

Дөрөв. Ингэвэл МАН, Хамтарсан Засгийн Газар (МАНАН), АН
гэсэн 3 бүлэг болно. Энд “үлдсэн” МАН, “үлдсэн” АН-ын тухай ярьж болно.
Ингэвэл 5 бүлэг болно.

Тав. Одоо УИХ-д албан ёсоор МАН, АН, НН, ИЗН суудалтай
байгаа. Мөн Хамтарсан Засгийн Газрын суудлууд, МАХН-ын нэг “сул” суудал
байгаа. Ингэж үзвэл 6 субъект болно. Үүний дээр намын 2 бүлэг нэмэгдэнэ.
Ингэвэл 8 ч болж болно.

Зургаа. Энэ нөхцөлд нэг улс төрч: намын бүлэг, нам,
Засгийн Газар, УИХ-ыг “төлөөлж” дор хаяж 4 “хувилах” боломжтой. Үүнээс ч
олон “хувирах” тохиолдол их бий. Эдгээрийг хольсноос болж бид маш олон
алдаа гаргадаг. Байнга “хөдөлж”, “шилжиж” байгаа болохоор мэргэжлийн
хүмүүс хүртэл эндүүрчих гээд байдаг юм.

Долоо. УИХ-ын сонгуульд орох субъект нь МАН, АН, ИЗНН
гурав болно. Хэрэв нэр нь будилахгүй бол МАХН байж болно. “Дороос” өөр
нам нэмэгдэж болох боловч тэднийг тооцохгүй байсан нь дээр. Толгой
эргүүлэхийн нэмэр.

Найм. Сонгуульд “оролцох” өөр нэг субъект нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болно. Нарийндаа бол МАНАН-г 2004 онд “Үндэсний эв нэгдлийн Засгийн Газар” нэрээр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар үүсгэн байгуулсан. Энэхүү удаан жилийн “хамтын ажиллагаа” уламжлан “сэргэж” буй тун олон шинж бий…

Ес. Одоо ахин шалгаж тоолоод үзье. МАН, АН, ИЗНН, МАХН
гэсэн 4 “юм” байгаа. Эндээс Та 4 гол субъект сонгуульд оролцоно гэж
дүгнэхэд онцын их алдаа гарахгүй.
Санамж: Энд эвсэл, зөвшилцөл, хуйвалдаан, тохиролцоо нэрийн дор тоо
байнга хэлбэлздэгийг Та сайн мэднэ. Ийм байлаа ч гэсэн гол тоогоо л
“алдахгүй” байх хэрэгтэй. Мөн Та үзэмжээрээ хэдэн ч “гол тоо” гаргаж
болно. Гэхдээ манай нөхцөлд математик хязгаар нь 2-оос багагүй, 4-өөс
ихгүй байдаг. 

Бүлгээс хүн рүү, хүнээс бүлэг рүү
Монголчууд улс төрийг бүлгийн лидертэй нь холбох дуртай. Бүлгээс хүн рүү
“шилжүүлэх” нь эхлээд бодоход их амархан мэт боловч маш хэцүү байдаг
юм. Иймээс энд маш их “будлиан” гардаг.

Нэг. Нэн тодорхой ил далд хуваагдал “үл харагдах”
бүлгийг шууд хүн рүү “шилжүүлж” болно. Жишээ нь МАХН-ыг Н.Энхбаяр,
Хамтарсан Засгийн Газрыг Сү.Батболд, М.Энхсайханыг ҮШН гэж “хөрвүүлэх”
нь боломжтой бөгөөд амархан.

Хоёр. Харин давхар хуваагдалтай, хэсгүүд болон
задардаг, бас байнга “шилждэг” бүлгүүдийг хүн рүү “шилжүүлэхэд” их
хэцүү. Ухаандаа МАН-ыг ганц Сү. Батболд гэвэл гарцаагүй алдаа гарна.
Тэнд У.Хүрэлсүх, С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд гэхчлэн дор хаяж 4 бүлэг
ярих ёстой. Энэчлэн АН-ыг Н.Алтанхуяг гэж үзвэл их эндүүрэл болно. Яг
энд “алдааны” ихэнхи гардаг.

Гурав. Учир нь “илүү дутуу” олон байгууллага, хүмүүс
толгой эргүүлээд байдаг юм. МАН гэхэд л Нийгмийн ардчиллын олон
байгууллагаас гадна Зүүний хүчний Холбоо гэхчлэн “туслах” байгууллага
дүүрэн бий. АН гэхэд З.Энхболдын Барууны хүчний Холбоо, Х.Баттулгын МоАХ
зэрэг “хүнтэй” байгууллагуудаас гадна “хүнгүй” олон байгууллага бий.
Энэ тохиолдолд хүнээ зөв оноохгүй бол жишээ нь “Алтан гадас” хэнийхэв ?
гэвэл амар хариулт олдохгүй.

Дөрөв. Энд зарим бүлгийг хүнтэй “холбож” болно, заримыг
нь “болохгүй” нь илт байна. Дээрээс нь манай ихэнхи бүлэг, хүн “нам
дамжсан” байдгийг бид заавал харгалзах ёстой. Иймээс ач холбогдлоор нь
эрэмбэлдэг. Юуг ач холбогдолтой гэж үзэх нь Таны л хэрэг боловч дураараа
хийж болохгүй.

Тав. Иймээс тухайн бүлгийн үүсэл гарал, намтар түүх,
улс төр, эдийн засаг, сэтгэл зүйн төлөв байдал, үйлдэл зэргийг цогцоор
нь үзэж “ангилж” байж “шилжүүлэх” ёстой. Гарцаагүй ихээхэн нөлөө
үзүүлдэг, гэхдээ хүн рүү шилжүүлэхэд түвэгтэй бүлэг олон буй. Жишээ нь
нутгийн зөвлөл, төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд.

Зургаа. Бүлэг нэртэй ганц хүн, эсвэл өмнө нь “нэр
сүртэй” байснаа “бууран доройтож” нэрнээс цаашгүй болсон бүлэг олон буй.
Жишээ нь: Социал-демократ нам, “Соёмбо”, “Эрүүл нийгэм”, “Эрс шинэчлэл”
зэрэгт хүн бараг үлдээгүй. Гэхдээ л “нэр” нь чамгүй нөлөөтэй.

Долоо. Энэ мэтээр хүн нь “албан ёсны” бүлэг, бүлэг нь
“хүн” болсноор улс төрийн үйл явцыг ихээхэн түвэгтэй харагдуулдаг. Улс
төрийн тамгатай тамгагүй “хутагтууд” олон “хувирч” үймүүлдэг нь үнэндээ
том бүлгийн явууллага байдаг.
Санамж: Бүлэг, хүнийг холбохдоо үйл ажиллагаа, намтар, санжүүжилт,
идэвхийн хэмнэл, илэрхийлж буй байр суурь гэхчлэн шууд болон дам
шинжүүдээр нь үнэлдэг юм. Манайхан энд ихээхэн алдаа гаргадаг.

Дээр дурдсан жишээнүүд бол бүтэц хэмээгч болно. Зүйрлэвээс хүнээр бол
анатоми юм. Одоо бол функци буюу хүнээр бол физиологи руу орох ёстой.
Энэ нь Та янз бүрийн эерэг сөрөг, таатай таагүй олон үйл явцыг ялгаж
цэгцэлнэ, үнэлж дүгнэнэ, эрэмбэлнэ гэсэн хэрэг. Харин бүтэц болон
хэсгүүд, тэдгээрийн зааг ялгааг гүйцэд гаргалгүй “физиологи” руу “орох”
боломжгүйг онцлон анхааруулж байна.

“Тогтмол” хэмээх шууд дүгнэлт
Одоо Та бид нэг орон зай, нэг цаг хугацаанд зэрэг болж буй асар олон үйл
явцын мөн чанар, хандлагыг олох ёстой. Үзэгдлүүд хэт олон, ухаарч
амжихааргүй зэрэг зэрэг болдог, бас болгодог учраас голдуу хуурамч
байдаг.
Жишээлбэл, Д.Дондогийг оролдоод байгаа нь “үзэгдэл”, харин түүгээр
далимдуулж хэн нэгнийг “айлгах” нь бодит байдал. Энэ бол МАН, МАХН
хоёрын хэрүүлийн хаялга. Энд ямар ч ач холбогдолгүй “жижиг” үзэгдэл
“Дондог”-ийг “томруулж” байна. Энэ мэт дэс дараатай “хөөсрүүлэх” аргаар
юуг ч “аймаар том”, бас “нэн аюултай” болгож болно. Жишээлбэл, одоо
Дондог гэхэд хүмүүс “сэртхийж” байгаа, хэрэв нэмээд “Дандаг”-ийг
“чирээд” ирвэл “дургүйцэнэ”, бүр нэмээд “Дүндүүк”-ийг чихдээд орилуулаад
ирвэл Таны “уур хүрнэ”. Таныг яг ингэхийг чинь “хүлээдэг” юм. Нөгөөдүүл
нь ингэж “нүдүүлчихээд” зүгээр сууна гэж огт байхгүй. Заавал “хариуг”
нь өгнө. “Чангаруулж” өгнө үү гэхээс, “сулруулж” өгнө л гэж лав байхгүй.
Ингэвэл “ээлжлэн барьцаалж” шоронд “хатаах” өрсөлдөөн гарцаагүй.
Энэ мэт “хий үзэгдэл”-ээс болоод Та бидний анхаарал шал дэмий юм руу татагддаг. Бид
анхаарал алдах нь байтугай, үйлдлээрээ бүлэг болон хүний өмнөөс
“дайтахад” бэлэн болдог. Монгол хүнийг сонгуулийн штабт оруулж
“байлдуулахаа” цаад улс төрчид чинь “хөлсний цэрэг” гэдэг юм. Их зэвүүн
нэр томъёо шүү…
Ийм “зовлонтой” болохоор алдаа гаргахгүйн тулд нөлөөлөн буй хүчин
зүйлийг эрэмбэлж, ангилах шаардлага үүсдэг. Үүнийг тогтмол ба хувьсагч
гэсэн хоёр том хэсэгт хуваан үзэж болно. Тогтмол гэдэг нь урд
өмнө бүрэлдэж тогтсон, ямар ч эргэлзээгүй, няцаах боломжгүй, тэгээд Таны
цаашдын дүгнэлтэд хэрэг болох “бэлэн” дүгнэлтүүд болно.
Ингээд бид бүгдээрээ сайн мэдэх, мөн хэн ч үгүйсгэж чадахгүй тогтмолыг (баримт, дүгнэлт) жагсаах гээд үзье.
Нэг. Манай ашигт малтмалын асар их баялгийг ашиглах гэсэн том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн ид явагдаж байна.
Хоёр. Энэ өрсөлдөөн 2012-2020 оны хооронд асар их эрчимжиж, асар их мөнгөний урсгал орж ирнэ.
Гурав. Хязгааргүй гэмээр энэ их мөнгөний урсгалыг хянаж, ихэнхийг нь “идэх” гол суваг нь улс төрийн эрх мэдэл юм.
Дөрөв. Сүүлийн 20 жилд бүрэлдсэн шинэ мөлжигч анги
(бүлэг, олигархи) эрх мэдлээ үүрд хадгалан үлдэх дуусашгүй шуналтай.
“Анги” гээд байгаа болохоос тоо нь цөөхөн бөгөөд тодорхой. Та бол нэр
нэрээр нь ч гаргаж чадна.
Тав. Монголын өнөөгийн улс төрийн систем задралд орсныг
зогсоох үзэл санааны болон удирдлагын боломж энэхүү бүлэгт байхгүй.
Тэдэнд зөвхөн мөнгө, чингэхдээ “гадаад”-аас орж ирэх аварга их мөнгөний
сураг л байгаа.
Зургаа. Олигархи бүлгүүд өвөрмөц маягийн сүлжээний
систем тогтоосон үүнийг аалзны тор гэдэг. Энэ сүлжээний дэглэж буй улс
төрийн жүжгийг “Худал хэрүүлээр толгой эргүүлэх” гэдэг. Энэ жүжгийг шууд
таслан зогсоож, бүх “жүжигчдийг” хөөж явуулах нь монголчуудын үндэсний
эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлаас гадна сайн сайхан амьдралын үндэс
болно.
Долоо. Уг нь бол бүгдээрээ “шүгэлдэх”, “хашгирахад” л
зугтаад алга болчих юмыг манайхан зэрэг хийж чадахгүй байгаагаасаа болж
их алдаж байна. Гэхдээ үүнийг хийх нь зайлшгүй бөгөөд боломжтой. Бүрэн
боломжтой…
Найм. Ингээд эрх мэдэл болон баялгийг хэдхэн хүнд үүрд
алдах уу, ард түмэн хяналт тавих уу, эсвэл ардчилал уу, дарангуйлал уу
гэсэн томоохон асуудалд тулж байна.
Санамж: Энэхүү 8 алхмын дараа Та бид их том дүгнэлтэд хүрч байна.
Гэхдээ Та үүнийг нэмж хасах бүрэн боломжтой. Эсвэл цоо шинээр хийсэн ч
болно. Харин хэт олон байж болохгүй. Та хаа хамаагүй хүчин зүйлийг
тогтмол гэж үзэх хэрэггүй.

“Зарчим” хэмээх хялбаршуулалт
Энэхүү зарчмууд нь тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил,
эрхэмлэл, үнэт зүйлсээс ихээхэн хамаарна. Энэ нь Таныг бодож төлөвлөж
буй үзэл санаандаа нийцүүлэн анализаа “хялбарчлах” боломж олгож буй
урьдач дүгнэлт болно.
Нэг. Монгол асар их баялагтай. Та бид энэ үгэнд хэтэрхий дасчихсан байж болох авч ухаан санаанд ч багтамгүй хэтэрхий их баялаг
гэдгийг би онцлон дурдаж байна. Манай ихэнхи баялаг “төрийн нууц”
байгаа. Хэрэв төр “хулгай” хийж байгаа бол “нууцыг” нь хадгалах үүрэг
хэнд ч байхгүй.
Хоёр. Энэ их баялгийг бүгдийг одоо идэх үү, заримыг нь хойч үедээ үлдээх үү гэдэг чухал асуудал үүсч байна. Манай “төр” бүгдийг нь шууд иднэ гэж байна, уг нь заримыг нь одоо ашиглаж, заримыг нь хойч үедээ үлдээх ёстой.
Гурав. Одоо хэрэлдээд байгаа том ордуудын ашгийг
шударга хуваарилбал бидэнд эхний удаад дэндүү хангалттай. Гэтэл “төр”
бүх үүцээ “зэрэг задална” гэж байна.
Дөрөв. Баялгийг хуваарилахад гадаад орчны тэнцвэрт байдлыг хангах асуудлыг хэн ч ярихгүй байна. Эрх баригчдын үхээнц, хулчгар, туйлбаргүй, худалч, хуурамч, сүржин зан үйлдэл манай үндэстэнд учирч буй гол аюул мөн.
Тав. Тэд олон том гүрнүүдийн дунд худал амлах, зэрэг
зэрэг амлах, барьцаа мөнгө авах, нутаг орноо зарах, нууц гэрээ хэлэлцээр
байгуулах, хов хутгах зэргээр олон будлиан тарьсан нь ихээхэн хор
уршигтай.
Зургаа. Таван Толгойг томчуудад “тэнцүү” хувааж буй нь манай төрийн “сайных” биш, том гүрнүүдийн тохиролцооны үр дүн мөн.
Одоо 3 том консорциумын нэрээр 5 улсын 12 компанид “хувааж” байгаа нь
үлэмж хэврэг тэнцвэр юм. “Эвлүүлэх боломжгүй” шахам консорциумууд бий
болгосон “хачин эрлийз” нөхцлийг манай эрх баригчид өөрсдөө бий
болгосон. Одоо бид энэ 12 компанийг наад зах нь 50 жил битгий
“муудалцаасай” гэж залбирах л үлдэж байна.
Долоо. Энэ нь “төр” шийдвэр гаргах чадвараа алдаж, эрх
баригчид дээр дурдсан арчаагүй зангийнхаа улмаас гадаадынхны барьцаанд
бүрэн орсны нотолгоо болно. Тэд бол “монголд бол арслангийн багтай зальт үнэг, гадаадад бол мөнгө горьдсон золбин гөлөг” юм. Яг одоо гадаадаас 1 тэрбум “ногоон” гуйж хөсрий царайлан гуринхалж байгаа “төрийн нууц”-ыг хадгалах үүрэг надад огт байхгүй.
Найм. Иймээс монголын төрийг ихэнх “мөнгөө” нууж иддэг,
монголчуудад “амсуулах” мөнгөө “бурхны хишиг” гэж ойлгуулдаг, энэ
мөнгөнөөсөө “бүтээн байгуулалт” нэрээр “нэмж” иддэг хязгааргүй
шуналтнуудын ёроолгүй бохир сав гэж тодорхойлж болно.
Ес. Бүтээн байгуулалт бол юуны өмнө алсыг харсан төлөвлөгөө, зохион байгуулалт юм. Манай төр “бүтээн байгуулалт”-ыг хэн дуртай нь “босгох” болсон суварга шиг ойлгож байгаа нь хамгийн тэнэг, арчаагүй явдал.
Арав. Удахгүй сонгуулийн “бүтээн байгуулалт” ид өрнөх бөгөөд тэр нь мэдээж ямар ч эмх замбараагүй байна. “Эхлээгүй
бүтээн байгуулалтаар” гайхуулах нь гарцаагүй. Эдийн засгийн тэлэлт бол
бүтээн байгуулалт огт биш, бас “сайхан” боловч “ихээхэн аюултай”.

Санамж: Энэ мэт хялбаршуулалтаар Таны анализ ямар нэг чиг, хөтөч,
баримжаатай болно. Заавал дээр бичсэнээр явах албагүй ч нэгтгэн дүгнэсэн
ийм хялбаршуулалтгүй бол Та баримжаа алдана.

Хувьсагч
Таныг анализ хийхэд маш олон “хувьсагч” таарна. Хувьсагч гэдэг нь судлан буй субъектийн өөрчлөлт, болзошгүй зан үйлийн илт байгаа шинжүүд болно. Эдгээр нь маш их зөрчилтэй байх нь мэдээж хэрэг. Үүнийг эрх баригчдын нэгдэл ба хэрүүл дээр тайлбарлаж болно.
Нэг. Засгийн эрх мэдлийг атгаж, баялгийг ямарваа хяналтгүй олон жил идэж ууж сурсан бүлгүүд нэгдмэл хүч болсон. Эрх мэдлийг үүрд хадгалах хүсэл, баялгийг дангаар эзэмших шунал нь тэднийг нэг эрх ашигтай болгодог.
Хоёр. Энэ бүлгүүд мөнгө л олж байвал эрх мэдлийг хэнтэй
ч хамаагүй хуваалцах, тохиролцоход бэлэн байдаг. Тэдний дунд нэгдэх,
салах, зөвшилцөх, тохиролцох, хулхидах үйл явц “тасралтгүй” болж байдаг.
Иймээс иргэдийн дунд элдэв яриа таамаглал гардаг, энэ нь оргүй худал
байх нь ховор ч “маш их” алдаатай байдаг.
Гурав. Тэд хүчирхэг “хар пиар”-аар Та биднийг аль нэг
нам, лидерийг дэмжигч буюу үзэн ядагч болгон хувиргадаг. Ингээд иргэд
бид ямар ч утгагүй тэрсэлдэн тэмцэлддэг.
Дөрөв. Эрх баригчдын мөн чанар адилхан бөгөөд хоорондоо юугаараа ч үл ялгарна. “Ноосыг нь хэн хяргаж авах нь хонинд огт хамаагүй” гэсэн английн эртний үг байдаг ч монголчууд хонь биш.
Тав. Үйл явц яаж ч өрнөлөө гэсэн хоёр нам үлдэх “зүй
тогтолтой” гэж тэд үздэг. Үүнийг одоо сүндэрлэж буй хоёр ордонгоор
“нотолж” болно. Үүнийг дам шинжээр үнэлэх гэдэг.
Зургаа. Тэгвэл яагаад хэрэлдээд байдаг юм гэсэн
дараагийн зүй ёсны асуудал үүснэ. Ганцаараа идэж уух, эсвэл их бага
идэхээрээ болж л хэрэлдэнэ.
Долоо. Гэхдээ заавал ялахын тулд “дундуураа хэнийг ч үл оруулах” бодлого
баримтлана. Энэ нь МАХН-ыг бүртгэснээр биш, ИЗНН-ыг бүртгэхгүй
байгаагаар тод илэрч байна. Учир нь МАХН бол “өөрийн”, ИЗНН бол “хүний”
нам болно.
Найм. МАН, АН, МАХН, МАНАН хэмээх нэг эрх ашигт бүлэг (анги, олигархи бүлэг) шууд дарангуйлалд тэмүүлэх эрмэлзэл, хандлагатай.
Ес. Дээд Шүүх ИЗНН-ын бүртгэлийг хуулийн ямарваа
үндэслэлгүй гацааж байгаа нь тэд улс төрийн муйхар зэвсэг, том улс
төрчдийн албат болсныг хөдөлбөргүй нотолж байна. Намуудын хувьд бол Дээд
Шүүх ердөө л бүртгэх газар мөн. Яахын аргагүй фашист, нацист,
террорист, хэт даврагч нам биш л бол тэд үг дуугүй бүртгэх ёстой. Гэтэл
тэд өөрсдийгөө цэрэг татлагын комис, түүхий эд ангилагч, хог ялгагч,
үүдний жижүүр, арьс өнгөний эмч шиг төсөөлж байгаа бол ихээхэн доошоо
орсон байна.
Арав. “Дундуураа хэнийг ч үл оруулах” мунхаг үйлдэл нь
эрх баригчид эрээ цээр, арчаагаа алдаж, дарангуйлах алхам хийхэд бэлэн
болсны баттай шинж юм.
Анализ прогнозын “завсарт”…
Анализ бол байгаа байдлыг дэлгэрэнгүй шинжилдэг, энэ үндсэн дээр прогноз
хийдэг. Прогноз бол ирээдүйд (сар, жил, сонгууль, 4 жил, 10 жил г.м.)
үйл явдал ийм тийм хувилбараар өрнөнө гэсэн өндөр магадлалт таамаг юм.
Нэг. Эрх баригчид Үндсэн Хууль, улмаар төрийн
байгууламжийг өөрчлөх ТӨРИЙН ЭРГЭЛТ хийх “хамтарсан шийдвэр” нэгэнт
гаргасан байна.

Хоёр. Тэд үүнд маш олон хувилбараар бэлтгэжээ. Энэ нь:
санал асуулгыг Үндсэн Хуулийн өөрчлөлт болгон хувиргах, Засгийн Газрыг
“огцруулах”, “салах”, УИХ-ыг тараах, намууд салах нийлэх, бие биенээ
шоронгоор сүрдүүлэх, шоронд хийх, элдэв хүчирхийлэл явуулах, ээлжит бус
сонгууль явуулах (9 дүгээр сар ?!), хуучин системээр сонгууль явуулах,
нийтийн үймээн самуун дэгдээх, онц байдал зарлах, “бэлэн” Үндсэн Хууль
тулган хүлээлгэх зэрэг голдуу “хүчиндэх” хэлбэрээр өрнөнө.
Гурав. Эдгээрээс хамгийн магадлалт хувилбар нь
эхлээд завааруулсан, завхруулсан олон үйлдэл хийж, олон түмний “уурыг”
хүргэж, улмаар тэдний “огцор, тар” гэсэн “зүй ёсны” шаардлагыг “хүлээн
авч” Засгийн Газрыг “огцруулж”, УИХ-ыг “тарааж”, ээлжит бус сонгуулийг
хуучин системээр “асар хурдан” явуулах арга юм.

Дөрөв. Хаосын удирдлагаар хэрэгжүүлж буй энэхүү төрийн эргэлтийн
зорилго нь монголчуудад бодох ухаарах боломж, хариу үйлдэл хийх зав
олголгүйгээр маш богино хугацаанд ХҮЧ ХЭРЭГЛЭН “өндөр хурд”-аар эрх
мэдлээ хадгалан үлдэхэд оршино.

Тав. Эрх баригчдад үүнээс “өөр арга” үлдээгүйг онцлон
тэмдэглэж байна. Энэ нь тэд арчаагаа бүрэн алдсаны баттай шинж мөн.
Иймээс Та бидэнд өргөн боломж бий болж байна.
Зургаа. Миний энэ оны 6 дугаар сарын эхээр 1200
гаруй респондентын дунд явуулсан судалгаагаар тэдний 75,26 хувь
пропорционал системийг дэмжсэн дүн гарсан.
Энэ нь бусад олон
судалгаагаар шууд болон дам нотлогдож байгаа. Ийм атал ард нийтийн санал
асуулга явуулна гэж зүтгэх нь заль мэхээс өөр зүйл биш. Хэрэв надад
итгэхгүй бол Монголын шилдэг, тэргүүлэх судлаачдын баг бүрдүүлж давтан
судалгаа хийхийг санал болгож байна. Энэ нь их л сайндаа 70-100 сая
төгрөгт багтана. Үр дүн нь адилхан гарах учраас энэ ч гэсэн илүү ажил
юм. Тэгээд 8 тэрбум төгрөгөө ядарсан ард түмэндээ зориулахыг шаардаж
байна.
Долоо. Иймээс Та одоо үзэгдлийг биш, мөн чанарыг
илүүтэй анхаарах ёстой. Анализын зорилго нь асуудлын мөн чанарыг олох,
үйлдэл хийхэд туслах явдал байдаг.
Найм. Үйлдэлгүй бол бидэнд ямар ч сайн анализ тус
болохгүй. Уржнан биднийг “анаалийздаж” суух хооронд Оюу Толгой “алга”
болсон, ноднингийн “анаалийзийн” үеэр “Тэрэлжийн тунхаг” гаргаж “сүйд”
хийсэн. Одоо бол Та бидэнд “анаалийздах юм” нэг их олон үлдэхгүй учраас
заавал үйлдэл хийх учиртай…
Ес. ??? !!! Монголчуудын заяа дээшээ гэдэг юм аа…
Санамж: Энэхүү анализын дүгнэлтүүдийг Та зөвшөөрөхгүй байж мэдээж
болно. Үүний тулд заавал намайг хараах албагүй байх. Хараасан ч хэд хэд
уншиж “ойлгочихоод” дараа нь “үйлдвэл” сайн л байна. Миний хувьд “энэ
хэдэн тэнэг хар юм”-ыг өчнөөн жил судалчихаад ямар заль гаргахыг нь
мэдэхгүй бол судлаач нэр зүүсний хэрэг юусан билээ…

Ихэнхи хүмүүс анализ хийгээд “унш” гэдэг, харин анализ хийх зарчим,
аргуудаас зааж өгөөд “өөрөө бод” гэсэн ийм тохиолдол байгаагүй…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 7 дугаар сарын 07.

http://www.ganaa.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж