Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, Монголын 55 хүүхэд оролцжээ. Манай багийнхан ангилал бүртээ гранпри шагнал болон алт, мөнгө, хүрэл цомын эзэн болсон байна.
Оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзан, “ТАЛАРХАЛ” гардууллаа.
21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий олон улсын хамгийн том шалгаруулалт юм байна. Энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд оюун ухаанаа сорин өрсөлджээ. Монголын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцсон байна.
“ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд энэ удаа зургаан ангилалд өрсөлдөж, "Гранд Чампион" нэг, "Гран При" нэг, "Алтан цом" найм, "Мөнгөн цом" 20, "Хүрэл цом" 25-ыг тус тус хүртжээ.
Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Орхон, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн насны хүүхэд оролцсон байна.
Б.ЗАЯА