Монгол хөөмий Лондонд эгшиглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Монгол хөөмий Лондонд эгшиглэв

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элсэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол хөөмийг хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ  “Монгол хөөмийн соёлын өв” анхдугаар бага хурал болон “Монгол хөөмийн наадам”-ыг 2011 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Лондон хотноо амжилттай зохион байгуулав.

Олон Улсын Хөөмийн Холбоо байгуулагдав.

“Монгол хөөмийн соёлын өв” бага хурлын ажиллагааг нээж элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Монголчууд бидний бахархал, соёлын өв болох хөөмийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн явдал нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болсон гээд бид энэхүү соёлын өвийг өөрийн болгож дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн үндэстэний хувьд түүнийг дэлхий нийтэд сурталчилан таниулах, түгээх ажлыг тасралтгүй хийж байх ёстой” гэлээ. Эл зорилгоор бага хурлаар “Олон улсын хөөмийн холбоо”-г байгуулах саналыг хэлэлцэх гэж буй нь чухал ач холбогдолтой болохыг цохон дурдав.

Бага хуралд МУСГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа монгол хөөмийн гарал үүсэл, түүхийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөөмийг 6 төрөлд хэрхэн ангилах тухай сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Түүний илтгэлийн дараа Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, доктор, хөөмий судлаач Карол Пэгг хөөмийч Д.Цэрэндаваан илтгэлд дурдагдсан хөөмийн гарал үүсэл, түүхэн замнал болоод төрөл жанарын асуудлыг монгол, британи судлаачдын судалгаагаар харьцуулан гаргаж танилцуулав. Доктор Карол Пэгг илтгэлдээ хөөмийг дэлхий нийтэд сурталчилан таниулах ажлыг хийхийн зэрэгцээ хөөмийчдийн хойч үеийг бэлтгэх, хөөмий өлгий нутгаа хадгалж үлдэх, түүнийг хойч үедээ өвлүүлэх асуудалд төр засгаас анхаарах, өргөн хүрээтэй ажиллахын чухлыг онцоллоо.

Хөсөгтөн хамтлагийн ахлагч, МУСТА Д.Ариунболд “1990 оноос хойших монгол хөөмийн судалгаа, уламжлал, хөгжил” сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү илтгэлээр улс орны хөгжлийн явцад соёлын өвийн уламжлал хэрхэн өөрчлөгддөг түүнчилэн монгол улс зах зээлийн чөлөөт системд шилжсэн цагаас хойш монгол хөөмийг ятгаас бусад хөгжмийн зэвсэгтэй хамтатган хөөмийлөх явцад хөөмийн уламжлалт арга барил хэрхэн өөрчлөгдөж ирсэнийг дэлгэрэнгүй тайлбарлаж, хөөмийг ноотлох боломжийн талаар өөрийн саналыг танилцуулав. Тэрбээр хөөмийн урлагт хөгжил дэвшил хэрэгтэй ч уламжлалаа авч үлдэх хэрэгтэйг онцоллоо. Хөөмийч, судлаач Б.Ариуболдын дээр дурдсан саналыг Британийн хөөмийч, судлаач Майкл Ормистон илтгэлдээ мөн онцолж хөөмийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтүүдийг баримттайгаар тайлбарласан нь бага хуралд оролцогчдын сонирхолыг зүй ёсоор татаж байлаа.

“Монгол хөөмийн соёлын өв” анхдугаар бага хурлаар “Олон улсын хөөмийн холбоо”-г төлөөлөгчдийн 100 хувийн дэмжсэн саналаар  байгуулав. Олон улсын хөөмийн холбооны Ерөнхийлөгчөөр МУСГЗ, нэрт хөөмийч Д.Цэрэндаваа, даргаар францын иргэн, нэрт хөөмий судлаач Тран Хуан Хай нарыг санал нэгтэй томилов. Олон улсын хөөмийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд францын иргэн, хөөмий судлаач Ёохани Куртет , МУСТА, Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д. Ариунболд, МУСТА, Трансмонголиа хамтлагийн ахлагч Ц.Хосбаяр  хөөмийч Ц.Цогтгэрэл, Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, хөөмий судлаач Карол Пэгг, унгарын иргэн, монгол судлаач Адриэн Гэсэ  нарыг сонголоо.

Монгол хөөмийн наадам гадаадыхныг бишрүүлэв

“Монгол хөөмийн өв” анхдугаар бага хурлын хүрээнд “Монгол хөөмийн наадам”-ыг Британийн Олон Улсын Оюутны хотхонд зохион байгуулав. Уг наадамд монгол, британийн хөөмийч, хөгжимчдийн хамтарсан тоглолт болон “Хөсөгтөн” хамтлагийн бие даасан тоглолт болов. Тоглолтыг бага хуралд оролцогчид болон британичууд, гадаад улс орны оюутнууд үзэж сонирхолоо. Тоглолтод хөөмийн төрөл бүрээр тоглож үзүүлэн холбогдох тайлбарыг хийж байсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Ийнхүү “Монгол хөөмийн соёлын өв” бага хурал, “Монгол хөөмийн наадам”-д британи, унгар, франц, испани, монголын хөөмий судлаачид, эрдэмтэд, МУСГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа, УАДБЧ-ын “Хөсөгтөн” хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ ирж оролцсон нь хөөмийг олон улсын хэмжээнд сурталчилан таниулах, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой арга хэмжээ болов. Мөн Олон хөөмийн улсын холбоог байгуулсан нь хөөмийг түүх, соёл, хөгжлийн хувьд судлан сурталчилах, хөөмийг зааж сургах, түгээн дэлгэрүүлэхэд улс орнуудын судлаачид, хөөмийчдын үйл ажиллагааг нэгтгэн төвлөрүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэхэд чухал алхам боллоо гэж үзэж байна.

Элчин сайдын яам
Лондон хот
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж