- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургалт мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас томуугийн өвчлөл, вакцины талаар тодрууллаа.
-Цаг агаар хүйтэрснээс болоод томуугийн дэгдэлт сүүлийн өдрүүдэд идэвхжисэн гэсэн мэдээлэл байгаа. Томуугийн өвчлөл нийслэлийн хувьд ямар байна?
-Оны эхнээс тоолоход 46 дахь долоо хоног явж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн дунд 5.4 хувьтай. Улаанбаатар хотод зургаа, аймгуудад дөрвөн хувьтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 5.7 хувьтай байна. Мөн амьсгалын хүнд халдвар буюу хатгалгаатай хүн улсын хэмжээнд үйлчилж буй орны 11 хувийг эзэлсэн. Улаанбаатарт хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 38 хувийг томуугийнх эзэлж байна. Харин насанд хүрэгчдийн 2.5 хувийг эзэлж байгаа. Нийт томуугаар өвчилж буй хүнээс 15 хүртэлх насныхан 80 хувь, дөрөв хүртэлх насны хүүхэд 60 орчим хувийг эзэлж байна.
Нийслэл болоод орон нутгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн таван лабораторит томуугийн шинжилгээ хийж байгаа. Энд хийгдэж буй шинжилгээгээр томуугийн вирус хараахан илрээгүй. Харин томуутай төстэй, амьсгалын замын үрэвсэл үүсгэдэг хэд хэдэн вирусын тохиолдол илэрсэн.
-Вакцины хүртээмж хэр байна. Томуугийн вакциныг хэдэн төгрөгөөр хийлгэх вэ?
-Уг нь томуугийн вакциныг 10 дугаар сараас хийдэг байсан. Энэ онд хөрөнгө мөнгөний асуудлаас үүдээд 11 сараас хийж эхэлсэн.
Энэ жил хоёр янзын вакцин хийж байгаа. Нэг нь Францад үйлдвэрлэсэн вакциныг Засгийн газраас хөрөнгө гаргаж худалдаж авч байгаа. Мөн АНУ-ын Өвчний хяналтын төвөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг оруулсан. Энэ вакцинд зургаан сартайгаас дээш насны хүнд сайн дурын чиглэлээр хийхээр зохион байгуулж буй. Аймаг орон нутгийн эрүүл мэндийн нэгдэл, төвүүдэд вакцин тарих ажлыг зохион байгуулаад хийгээд эхэлсэн. Нийслэлд ХӨСҮТ-д 15 мянган төгрөгөөр хийж байна.
-Зарим хүмүүст үнэ төлбөргүй хийж байгаа гэсэн. Ер нь ямар хүнд үнэ төлбөргүй вакцин хийж байгаа юм бэ?
-Цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа. Ханиад томуугийн үед өвчлөх эрсдэлтэй бүлэг рүү вакциныг чиглүүлдэг. Энэ хүрээнд цэцэрлэгүүдээр үнэгүй хийж байгаа. Үндсэндээ бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн, ажил мэргэжлийн шаардлагатай хүнд хийж байна. Эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хилийн цэрэг гэх мэтчилэн байгууллагын ажилтнуудыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
-Ер нь вирусын гаралтай өвчинд антибиотик хэрэглэх нь хэр зөв арга вэ?
-Томуугийн үед аль болох энгийн эмчилгээ шаардлагатай. Антибиотикын хувьд хүний дархлааг гэмтээх, сулруулах шалтгаантай байдаг тул аль болох бага хэрэглэх нь чухал. Зайлшгүй тохиолдолд эмчийн заавар, зөвлөмжөөр хэрэглэх хэрэгтэй.
Б.ЗАЯА