Пак Гын Хэг огцруулах асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэг огцруулах асуудлыг хойшлуулав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрсөн мягмар гаригт /2016.11.29/ улсынхаа парламентад хандан эрх мэдлийг нь ямар нэгэн эрсдэлгүйгээр шилжүүлэх талаар арга хэмжээ авч өгөх хүсэлтийг гаргасан юм. Үүгээрээ тэрбээр ерөнхийлөгчийн суудлаас хугацаанаасаа өмнө буух болсноо мэдэгдсэн.

Энэ асуудлыг өнөөдөр Өмнөд Солонгосын парламент хэлэлцэх байсан ч арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшлууллаа. Учир нь хуулийн дагуу тус улсын парламентын 300 гишүүнээс эхлээд Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар санал авах ёстой аж. Энэ саналыг 200 гишүүн дэмжсэн тохиолдолд асуудлыг хэлэлцэх нөхцөл үүсэх юм байна.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний нам ерөнхийлөгч Пак Гын Хэгийн буруутай эсэхийг шүүх, санал хураах ажиллагааг энэ сарын 9 хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.

Парламентийн 300 гишүүний 172 нь сөрөг хүчний гурван намаас сонгогдсон болон Пак Гын Хэгийн эсрэг үзэл баримтлалтай, нам бус гишүүдээс бүрддэг аж. Үлдсэн 128 нь Пак Гын Хэгийн намын гишүүд бөгөөд түүнийг буруутайг нотлох шүүлтийг хийх эсэх нь тэдний өгөх саналаас ихээхэн шалтгаалах болоод байна.

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг дэмжсэн гишүүдийн тоо 200 хүрвэл асуудал цааш үргэлжилж, Өмнөд Солонгосын  Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг огцруулах эсэхийг 180 хоногт багтаан шийдвэрлэх ёстой аж. Хэрвээ шүүх түүнийг огцруулах шийдвэр гаргавал ерөнхийлөгчийн сонгууль болох өдрийг 60 хоногоор урагшлуулна.

Дотны найз Чой Сүн Шилтэйгээ хамтран өөрсдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн улсын мөнгө шамшигдуулсан, төрийн нууц задруулсан хэмээн ард түмнээрээ шүүмжлүүлж буй БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн хувьд байдал бүх талаар таагүй байна.

Ард түмний эсэргүүцэл үргэлжлэхийн хажуугаар өчигдөр /2016.12.01/ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьсан хэрэг гарч, 48 настай эрэгтэйг цагдаа нар хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцэг, эх болох ерөнхийлөгч асан Пак Чун Хэ, түүний эхнэр Ёк Юн Со нарын гэр музей Өмнөд Солонгосын Гуми хотод байрладаг. Түймрийн үеэр уг байгууламжийн ихэнх хэсэг шатжээ. Аав, ээжийнхээ амьдарч байсан гэрт ерөнхийлөгч Пак өчигдөр очсон бөгөөд ихэд харуусан, нулимс дуслуулжээ.

Эх сурвалж: REUTERS

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж