УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хилчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлсэн, хилийн шалгантай холбоотой хуулийн дэмжиж байгаа. Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа бол улсын хил хамгаалахтай салшгүй холбоотой асуудал. Цаашдаа Гадаадын иргэн харъяатын байгууллагыг яах вэ. Хилийн шалган нь Хил хамгаалах байгууллагад шилжвэл энэ байгууллага цөөхөн хэдэн чиг үүрэгтэй болох гээд байна” гэсэн асуултад асуулаа. Энэ асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хилийн тухай хуулиар шалган нэвтрүүлэх байгууллагыг хил хамгаалах байгууллагад оруулж байгаа. Гадаадын иргэний харъяатын байгууллага олон хууль тогтоомжоор хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагыг нь хэвээр нь үлдээж, чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан “Хилийн тухай хуульд заасны дагуу хилийн зурваст үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд бий юу. Хилийн зурвасыг багасгасанаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь багасгах уу ” гэсэн асуултад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Яг өнөөдрийн байдлаар хилийн зурваст 81 аж ахуй нэгж банк, гаалийн зуучлал, газар тариалан гэх мэт үйл ажиллагаа явуулдаг. Мөн ашигт малтмалын чиглэлээр есөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хил хамгаалах байгууллагаас тодорхой зөвшөөрлөө аваад явж байгаа” гэсэн хариултыг өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ