Энэ жилийн наадам Б.Чойжилсүрэн гишүүнийх болов

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Энэ жилийн наадам Б.Чойжилсүрэн гишүүнийх болов

Наадмын
шуранхай хадаж, хүчит бөхийн цол дуудахуй яа энэ наадам минийх болов
гэсэн шиг ууртай хүрэн улаан байшингууд сүглийнэ. Төв цэнгэлдэх
хүрээлэнг бүчин сүндэрлэх орон сууцны хорооллыг хэлж байгаа хэрэг шүү
дээ. Наадмын хоёр өдөр та нар ч гэсэн уйдаж, бухимдатлаа харсан биз дээ.

Энэ жилийн наадмын Төв цэнгэл­дэх хүрээлэнгийн энэ жилийн гол
“чимэг” цэнгэлдэхийн эрээн асар, элдэв сурталчилгааны материалыг ч даван
сүглийх байшингуудын бараа бай­лаа. Өмнө нь алсын бараанаас дүнхийн
ногоорох Богд хан уулаа ха­ран баясдаг байв, наадамчид. Харин энэ жил
элдэв олон барилгуудын дунд хавчигдсан цэнгэлдэхдээ шахцалдан наадсан
монголчууд хэн хэний барилга цэнгэлдэх рүүгээ шахалдан орж ирснийг
шинжинхэн монгол наадмын сүрийг дарсан байшингуудыг ад үзэн үглэлдэж
наадав. Жилдээ ганц хуушуурын цаас, хүний хөлний өлөн тоосонд дарагдаад
өнгөрдөг бусад үед “ашиглалтгүй” байдаг талбайд сайхан байшин барихад
яагаад болохгүй гэж өмөөрөх нэгэн байгаа л байх.

Ямар сайндаа эх
орондоо ирээгүй нэлээд удсан нэгэн “Наадмаар нэг сайхан урт амьсгаа авч
боломгүй, харь санагдаад байсан чинь Богд уул биш, царай муутай улаан
хүрэн байшингууд нүд таглаад байсан юм байна шүү дээ” гэж “нээлт” хийж
байх вэ дээ. Наадамчдын маргаангүй нэгдэж байгаа тайлбар. “Мөнгөөр
зодоод л худалдаж авсан юм байгаа биз, энэ газрыг…” гэх локиг дүгнэлт.
Эзнийг нь ч бас бүгд андахгүй, эдүгээгийн парламентийн гишүүн “Хурд”
группийн гэж алдаршсан Б.Чойжилсүрэн эрхэмтэн. Уг нь УИХ-д Увсаас
сонгогдсон ч энд “гол баатар” болоод байгаа “Рапид харш” хэмээх орон
сууцны хорооллынхоо оршин суугчдын гомдлоор үе үе нийслэлийн мэдээнд
залардаг. Тэглээ гээд оршин суугчдынхаа гомдлыг илааршуулсан эсэхийг
мэдэхгүй.  

Үлгэр домгийн сэдэвтэй нэг кинонд “Энэ наадам миний
болов уу” гэж ханхалздаг нэг хэсэг байдаг шиг санагдаж байна. Энэ жилийн
хувьд Чойжилсүрэн гишүүн л “Цэнгэл­дэхийн наадам минийх болов уу” гэж
ханхалзахаар байлаа. Ирэх олон жилүү­дэд ч энэ хэвээр байх биз. Хэрвээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгээ нүүлгэхгүй л юм бол? Нүүлгээсэй, ормон дээр
олон олон байшин барих юм сан гэж гар нь загат­наж байгаа хүмүүс ч олон
байгаа биз.

Хаяагаа тэлэх аргагүй хотод маань хаа нэгтээ мултарч
үлдсэн алга дарам газар болгоныг хүч түрэн авч болсон болоогүй барилга
шомбойлгодог болсон нь энэ цагийн ёс. Чадаж байгаа юманд арга үгүй гэх
юм байгаа биз дээ.

Гэхдээ энэ улсад чинь бас нэг хот төлөвлөлт
энэ тэр гэдэг юм байдаг сан баймаар. Эгээ л хэн дуртай нь хаа дуртай
газраа байшин барилга сүмбэрлүүлээд бай гэж хотын захиргаа ажилладаггүй
байлтай. Байшинг барьж болдог, газрыг зарж чаддаг юм бол ядахдаа орчны
зохицол, хотын төлөвлөлт гэсэн наад захын бодлого байж болдоггүй юм байх
даа.

Ингэхэд цэнгэлдэх ормын энэ газар талбайг хэн хэдэн
төгрөгөөр эрхэм гишүүн Чойжилсүрэнд зарсан юм бол оо? Өөрөөр хэлбэл,
наадмын талбайг орон сууцны хороолол хүртэл нь үнэд хүргэж чадсан тэр
“бөх”-ийн нэр хэний хэн бэ?

А.ШАРХҮҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж