Техас мужид Орогнолын хотхон байгуулахыг хориглосон хууль болон сөрөг хүчнийг санхүүжүүлэхэд хориг тавьсан тогтоолд гарын үсэг зурна гэж АНУ-ын Техас мужийн захирагч Грег Эббот мэдэгджээ.
Орогнолын хотхон гэдэг нь АНУ болон Канадад цагаачлалын хуулийн зөрчилтэй хүмүүсийг тусгай бодлогоор байлгах хотуудыг хэлж байгаа юм.
"Fox News" телевизэд мужийн нийслэл Остины мэр ярилцлага өгөхдөө, "Орогнолын хот хууль бус цагаачдад аюулгүй газар байх болно" гэж хэлсэн ба үүний дараа мужийн захирагч өөрийн твиттерт дээрх мэдээллийг хариу болгон өгчээ. Гэмт хэрэгт холбоотой 2-3 сая цагаачдыг нутаг буцаана гэсэн Трампын мэдэгдэлтэй мужийн захирагчийн мэдэгдэл холбоотой болов уу?
Дональд Трамп "Гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс, гэмт хэргийн бүлгийн гишүүд, хар тамхичдыг бид улс орноосоо хөөж явуулах болно. Тийм хүмүүс манайд хэтэрхий олон болсон. Магадгүй 2-3 сая хүрсэн байх" гэсэн мэдэгдлийг хийж байсан.
Түүний энэ бодлого, байр сууриа илэрхийлсний дараагаас орогнолын хотууд хууль бус цагаачдыг хамгаалах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. Тухайлбал, Лос-Анжелес хотын захиргаанаас цагаачдыг хөөхгүй гэж мэдэгдсэн бол Чикаго хотын мэр Рам Эммануэль цагаачдыг тайван амьдарч болно гэсэн байна.
Цагаачлалын асуудал судлах төвийн (Center for Immigration Studies) мэдээлснээр бол өдгөө АНУ-д ойролцоогоор 300 орчим орогнолын хот байгаа гэнэ. Шинжээчид эдгээр хотуудад гэмт хэрэгтэн цагаачдаас илүүтэйгээр холбооны санхүүжилт нь чухал гэдгийг сануулж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР