-Та сайхан зусч байна уу? Юуны өмнө гавьяат цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Сайхан зусч байна. Шагнал урамшуулал аваад урамтай л байна.
-Танай хамтлаг цагаан сар, улсын баяр болгоноор шахуу үзэгчиддээ баяр дээр нь баяр нэмж телевизийн гоё зохиомж, нэвтрүүлгүүд хийдэг байсан. Энэ жилийн наадмаар харин харагдсангүй юу?
-Манай хамтлаг ер нь шинэ жил, цагаан сараар телевизийн зохиомж хийхээр телевизүүдтэй хамтран ажиллах гэрээтэй. Харин наадмаар бол “Сэргээш”-ийг цуврал болгон гаргадаг.
-“Сэргээш 4” хэзээ гарах юм бэ?
-Бид ч бас энэ талаар ярилцаж л байна. Зохиолыг нь ч хайж байна. “Сэргээш 3” маань нэлээд сайн чанартай, олныг шуугуулсан бүтээл болсон л доо. Тийм ч учраас “Сэргээш 4”-ийг түүнээс илүү гарахаар, нэлээд сенсаац тарихаар сайн хийхгүй л бол өмнөхөө унагаасан зүйл гаргаж болохгүй. Яг одоохондоо илүү гарахаар сайн зохиол олоогүй л байна. Миний бодлоор бол “Сэргээш 4”-ийг бараг л хийхгүй болов уу даа. Бодлын мухарт санаа гэдэг шиг л байна даа.
-Гавьяат авахад сэтгэл хэр их хөдөлсөн бэ, авна гэдэг бэлтгэлтэй байсан уу? Танай хамтлагийнхан тодорхойлсон уу, эсвэл Ерөнхийлөгч өөрөө …?
-Хамт олон маань намайг гурван жилийн турш дээш нь дэвшүүлж, яам, хот, дүүрэг гээд их олон шат дамжлага дамжиж явсаар энэ жил авч байна. Дөрвөн их ой давхацсан баяраар гавьяат цол авсандаа их бэлэгшээж байгаа. Гэнэт л авсан л даа, тийм болохоор сэтгэл санааны бэлтгэлгүй байгаад их цочирдсон.
-Уг нь та кино драмын анги төгссөн байх аа, хошин урлагт хөл тавиад яг хэдэн жил болж байна?
-1996 оноос хойш л энэ урлагт хүчин зүтгэж байна. Би 1993 онд энэ мэргэжлээ сонгож сураад 1997 онд төгссөн. Түүнээс хойш одоог хүртэл бүхий л төрөл жанраар явж байна.
-Одоо ч танай хамтлаг олон гавьяаттай болсон биз, ойрноос бас бүл нэмсэн гэлүү?
-“Х ТҮЦ” хамтлагаас мааньхамгийн анх И.Одончимэг эгч гавьяат авсан. Одоо би авч байна даа. Цаашдаа дахиад ч олон гавьяат төрөх байх.
-Аглуу дахин гэрлээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Таван охинтой айлын аав болж тоглож байгаад “хамгийн бага охин”-оо аваад суучихсан гэдэг. Бүл нэмсэн үү?
-Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Бүл нэмсээн, бага нь одоо 2 настай.
-Хамтлагийн отгон гишүүн хэн билээ? “Х-ТҮЦ” шинэ дүр төрхтэй болсон гээд л яриад байгаа?
-Ундрал гэж их авьяаслаг охин байгаа.
-“Шинэ үе” Алдармааг авч нүүр царайгаа болгосон. Харин танай хамтлагийнхан Ундралыг авсан. Хошин шогийнхны дунд шинэ дүр төрхний өрсөлдөөн явагдаад байна уу гэсэн хар төрүүлж байна. Өмнө нь танай нүүр царай бол Одноо эгч байсан биз дээ?
-Одоо ч Одноо эгч манай хамтлагийн нүүр байсаар байгаа. Бид, ер нь хошин урлагийн хамтллагууд залуу охидоор нүүр царай хийж, уралдуулдаггүй. Харин ч шинэ залуу үеэ авч сургаж, хойч үеэ бэлтгэхийг зорьдог.
-Танай хамтлагийн жүжгүүдийн зохиол, найруулга бусад хамтлагийнхнаас арай л өөр, “чинжүү” байдаг. Хэн нь зохиолоо бичдэг вэ?
-Бид өөрсдөө л бичдэг. Кино, сонгодог жүжиг бол тусдаа автортай. Бусад шоу, телевизийн зохиолоо өөрсдөө л зохиож, найруулдаг.
-Анх драмд ороод авсан дүр тань хоёр хөлгүй, ижил хүйстэн залуу байсан гэж сонссон. Тухайн үедээ ч багагүй шуугиан тарьж, одоог хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшсон байдаг юм билээ. Анхны дүр, тэгээд тийм хүнд дүрийг бүтээхэд бэрхшээлтэй байсан уу?
-Би 1997 онд сургуулиа төгсөөд Найдандорж багш дээр ирж байсан. Багш маань надад энэ дүрд тоглохыг санал болгосон, их хүнд роль байсан. Жүжигчин Д.Онон, Б.Нармандах нартай хамтран тоглож байсан. Бэрхшээл бол байсан, хоёр цагийн турш хөлөө ардаа нугалж боогоод тоглоно гэдэг их хэцүү л дээ. Ер нь энэ жүжгийн дүрийг их хөлс хүч гаргаж байж бүтээсэн гэж боддог.
-Танай хамтлагийн тавьсан “Аянгын бороо” жүжиг маш их амжилт олж, үзэгчдийг шуугуулсан. Дахиад өөр олон сонгодог жүжиг тавих уу?
-Тавилгүй яахав. Ази, Европын сонгодог жүжгүүдийг тавина гэж бодож байгаа. Үүгээрээ бид хошин урлагийнхан хошин шогоос өөр бас жүжгүүдийг тавьж чаддаг гэдгээ харуулж байгаа юм л даа. “Аянгын бороо” жүжгээрээ “Гэгээн муза”-гаас бид таван ч шагнал авсан. Үзэгчид ч их сайхан хүлээж авсан л даа. Тасралтгүй 28 хоног тоглож, дүүрэн үзэгчтэй тавьсан.
-“Аянгын бороо”-нд танай хамтрагийнхнаас гадна гавьяат Сарантуяа, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нарыг тоглуулсан байсан. Ялангуяа Сараа эгчийн дүр үзэгчдийн сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Та нар дахиж хамтран тоглох уу?
-Бидний урилгыг их сайхан хүлээн авч тоглосон. Жүжигчин Сарантуяа өөрөө энэ жүжгээрээ “Гэгээн муза” авсан. Цаашдын хамтын уран бүтээл бол байгаа. Ер нь дүр нь таарч байвал хамтарч ажиллалгүй л яахав.
-Танай хамтлагт хийгээгүй төрөл жанр гэж алга. Сонгодгоос “Аянгын бороо”, “Сайтар эргэцүүл” философийн жүжиг, тэгээд кино, телевизийн зохиомжууд бол борооны дараах мөөг шиг их гарсан даа. Одоо ямар төрлөөр шинэ зүйл гаргая гэж бодож байна?
-Яг л энэ янзаараа аль нэгийг нь орхигдуулахгүйгээр бүх л төрөл жанраар тоглоно гэж бодож байгаа. Бидэнд тавьсан зорилго гэж бий л дээ, жилд нэг драмын жүжиг, нэг кино хийнэ, тэгээд хошин жүжгээ бас тавина.
-“Сайтар эргэцүүл” жүжгийг яагаад танай хамтлаг дээр тулгуурлаж тавьсан юм бэ, хэн анх санал болгосон бол?
-Энэ жүжгийг Д.Сосорбарам ах бидэнд санал болгож, өөрөө найруулан гол дүрд нь тоглосон. Хүний эрх, эрх чөлөөг илэрхийлсэн, их шуугиан тарьсан сайн жүжиг болсон. Үзэгчид ч сайхан хүлээн авч, 14 хоног дүүрэн хүнтэй тоглосон.
-Энэ жүжигт сургуулилж байхдаа хажуугаар нь өөр тоглолттой байсан гэсэн. Дүрээс дүрд тийм хурдан хувирахад хэцүү биш үү?
-Жүжигчин гэдэг мэргэжил эзэмшсэн хүний хийх л ёстой, хүч шаардсан ажил байсан даа.