Аваргууд үндэсний бөхийн холбоо руу анхаарлаа чиглүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Аваргууд үндэсний бөхийн холбоо руу анхаарлаа чиглүүллээ

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе”-ийг ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдуулах болсон талаар бөхчүүд, бөхийн хүрээнийхэн мэдэгдээд байгаа.

Монголын үндэсний бөхийн холбоо, тус байгууллагын дүрэмд тусгагдсан дөрвөн жилд нэг удаа хуралддаг “Их эе”-ийн тов олон жил маргаан дагуулж, талууд шүүхэд хандсан байдаг.

Үндэсний бөхийн “Их эе”-ийг хуралдуулах Ажлын хэсгийн мэдээлснээр шүүхээс 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан ба маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ.

Дотооддоо олон жил хуримтлагдсан зөрчил, маргаантай Үндэсний бөхийн холбоог тойрсон асуудал, тус холбооны Удирдах дээд байгууллага болох “Их эе” хэзээ хуралдах, тэргүүнээр хэн сонгогдох вэ зэрэг сэдэв ийнхүү олны анхаарлын төвд орж ирлээ.

МҮБХ-ны одоогийн тэргүүнээр Р.Нямдорж, дэд тэргүүнээр Д.Данзан ажиллаж буй.

Тэгвэл үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдийг нэгтгэсэн “Аваргуудын зөвлөл”-ийнхөн энэ долоо хоногийн эхээр хуралдаж, МҮБХ-ны хурал хуйд анхаарал хандуулж эхэлсэн байна. Залуу аварга Ч.Санжаадамбыг албан ёсоор “Аваргуудын зөвлөл”-д элсүүлж, цас зудад нэрвэгдсэн малчдад туслах аянд нэгдэе гэхчлэн ярилцсан энэ хуралд Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар оролцсон бөгөөд хурлын гол асуудал нь үнэн хэрэгтээ Үндэсний бөхийн холбооны дараагийн тэргүүнд хэнийг сойх вэ гэдэг тухай байжээ.

Тэд энэхүү “кампанит ажил”-аа өргөжүүлж, олон нийтийн сүлжээгээр Үндэсний бөхийн аваргууд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллуулахыг хүсч байгаа тухай бичлэг түгээж эхэлжээ.

Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлснээр аваргууд Л.Чинбатад энэ тухай заллага хүргүүлсэн гэнэ. 

“Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны УЗ-ийн гишүүн, "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбатын хувьд өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Асашёорюү Д.Дагвадоржид энэхүү сонгуульт ажлаа шилжүүлсэн.

Харин дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар нарын хувьд өдгөө Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашдаг бөгөөд 2007 онд байгуулагдсан үндэсний бөхийн “Аваргуудын зөвлөл”-ийг өдгөө Д.Сумъяабазар аварга тэргүүлж ажилладаг ажээ.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж