Гадаа хүйтний эрч чангарч, шөнөдөө -35 градуст хүрч хүйтэрч буйтай холбоотойгоор автомашины дулаан зогсоолын худалдаа, түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна. Шинэ орон сууцны доорх дулаан зогсоол 15-40 сая төгрөг, харин бетонон болон тоосгон гараж 15 сая төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй юм. Харин дулаан зогсоолын түрээсийн үнэ байрлалаасаа хамаараад хоногийн 5-20 мянган төгрөгийн хооронд байна.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын хэмжээнд 14 мянга орчим тоосгон болон бетонон гарааш байгааг мэдээллээ. Харин барилгын компаниуд орон сууцны доод давхарт дулаан зогсоол байгуулах шийдлээр нэг орон сууцанд дунджаар 40-50 автомашины зогсоолыг төлөвлөж буй аж.
Дулаан зогсоолын түрээсийн үнэ байрлалаасаа хамаараад хоногийн 5-20 мянган төгрөгийн хооронд байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас дулаан зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд авто зогсоолыг төлөвлөх журмыг баталж, журмын дагуу орон сууцны хороолол дундах талбайг ашиглаж дээрээ тохижилттой, газар доорх авто зогсоол байгуулах санаачилгыг гарган, боломжит 30 байрлалыг тогтоож өгсөн юм. Эдгээр байрлалуудад компаниуд болон иргэд өөрсдийн санхүүжилтээр зогсоол барих боломжтой. Тухайлбал, “Илсон Девелопмент” компани есөн давхар 450 авто машины дулаан зогсоолын төслийг хэрэгжүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг байгууламж нь газрын гүн рүү хоёр давхар, дээшээ долоон давхар байх бөгөөд зорчих хэсгийн өргөн зургаан метр, эргэлт хийх буюу пандус нь 7.4 метр өргөн, давхар бүртээ 50-70 автомашины зогсоолтой байх юм. Харин нэг зогсоолын үнэ 34 сая төгрөгөөс эхлэх аж. Мөн “Encanto Town” хотхонд олон улсын стандартад нийцсэн долоон давхар авто зогсоолыг ашиглалтад оруулжээ. Энэхүү зогсоол нь нийт 350 автомашины багтаамжтай буюу дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж төслийг хэрэгжүүлэгч “Камдер” компани мэдээлсэн.
Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдээлснээр Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 460 мянга даваад байгаа бөгөөд жилд 16 хувиар нэмэгддэг байх юм.
Д.УУДАМ