Иргэний нисэхийн ерөнхий газраас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүлжээ.
Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү бүртгэлийн ажиллагаа аж. Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе нь энэ сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийгдэх бол 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.
Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөн зарим газруудад пицца хүргэлт хийх гэх мэтээр өргөнөөр ашиглаж, хэрэглээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьшсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгэдэг байна. Олон улсад иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй энэхүү эрсдэлийг багасгах, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр янз бүрийн зохицуулалт хийж, хяналтын аргачлалуудыг боловсруулж буй аж.
Иргэний нисэхийн ерөнхий газраас эхний ээлжинд Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэлжүүлэх бөгөөд цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Г.ХОРОЛ