Өмнөд төмөр замыг 2012 онд багтааж барих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Өмнөд төмөр замыг 2012 онд багтааж барих хэрэгтэй

2011.07.22

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан  танилцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах референт Ё.Жаргалсайханаас дараах тодруулгыг авлаа.


-Үндэсний аюулгүй байд­лын зөв­лөлөөр Оюутолгой, Тавантолгойн асуудлыг оруулж байгаа, Төмөр замын асуудлыг хэлэлцүүлнэ гээд л яриад, бичээд байдаг. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар эрх хэмжээтэй, үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ?

-Өнгөрсөн онд Монгол Улсын үндэс­ний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг Үндсэн хуулийн дараа орох суурь эрх зүйн акт Улсын Их Хурлаар батлагдсан. Уг баримт бичигт Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт байдал зэрэг үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийн бүрдсэн байхыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Энэхүү өргөн хүрээтэй ажлыг хариуцдаг Үндэсний аюулгүй байдпын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд багтдаг. Аюулгүйн зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих улс төрийн зөвшилцлийн хамгийн дээд түвшний байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, түүн дотор нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшилтэй холбоотой амин чухал аль ч асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын төрийн институцүүд урьдчилсан зөв­шил­цөл, харилцан ойлголцолд хүрч аваад, түүнийг хэрэгжүүлэх арга механизмаа тохирдог. Ийм бүтэц нь аль ч улс оронд байдаг, улс орныг удирдах, засаглалын эрх, үүргийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, харилцан хамтын ажиллагааг хангах нийтлэг механизм гэж ойлгож болно.

-Тэгэхээр Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөр улс орны амин чу­хал асуудлаар эцсийн шийдвэр гардаг гэсэн үг үү?

-Үндэсний аюулгүй байдлын зөв­лө­лөөс төрийн 3 өндөрлөгийн санал нэг­дэж тохирсон асуудлаар зөвлөмж гардаг. Гэхдээ энэ зөвлөмж нь хэрэг­жүүлж ч болдог, хэрэгжүүлэхгүй бай­сан ч болдог зүгээр нэг цаас биш, төрийн институцүүд өөрийн үйл ажиллагаандаа тусгаж, заавал хэрэгжүүлэх эрх зүйн акт болдог. Тухайлбал, Улсын Их Хурал тухайн асуудлаар хууль, Улсын их Хурлын бусад шийдвэрийг гаргана. Мөн Улсын төсвийг батлахад тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэх жишээтэй. Зас­гийн газар үйл ажиллагааныхаа хүрээнд Зөвлөлөөс өгсөн чиглэл, зааварын да­гуу дээрх арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг.

-Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөс гаргасан шийдвэр бүр хэрэгждэг үү, түүнд хяналт тавьдаг тогтолцоо байна уу?

-Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулдаг. Түүний ажил үүр­гийн хуваарьт Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, Зөв­лөлийн шийдвэрийн үндэслэлийг боловс­руу­лах, хэрэгжилтэнд нь хяналт та­вих ажлууд ордог. Түүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг, шийдвэр болон зөвлөлийн Тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу төрийн аль ч шатны байгууллага, түүн дотор яам, агентлаг, тэдгээрийн удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтэнд нь хяналт тавьдаг. Мэдээж хэрэг, улс орны хэмжээний олон асуудалд нэг хүний хүчин чадал хүрэлцэхгүй, үүнд нь манай зөвлөлийн Ажлын алба мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг.

-Таны хариуцаж, даргадаа дэмж­лэг үзүүлж байгаа гол ажил дэд бүтцийн салбарыг хамарна гэж ойлгож болох нь ээ дээ. Их олон салбар хамрагдах байх. Бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лөөр хэлэлцэгдэх үү?

-Үндэсний аюулгүй байдалд ха­маа­рах асуудлын хүрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд тодорхойлогдсон байдаг. Төрийн бодлого нь тодорхой, Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд зохицуулаад явах боломжтой асуудлууд тэр бүр манайд хамрагдахгүй. Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхад чиглэсэн, улс орны хөгжилд онцгой ач холбогдолтой, төрийн өндөрлөгүүдийн хооронд зөвшилцөл хийх шаардлагатай асуудлууд үндсэн­дээ ордог. Тухайлбал, төмөр замын сүлжээг шинээр байгуулах асуудлыг 2010 оны 4 дүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал­даанаар хэлэлцээд тодорхой зөвлөмж өгсөн. Үүний дагуу Засгийн газраас уг бодлогын баримт бичгийг дахин боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. Саяхан Засгийн газраас уг бодлогын хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулга ирүүлсэн.

-Төрөөс төмөр замын тээв­рийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд юу хийгдсэн бэ?

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан. Уг баримт бичигт ашигт малтмалын томоохон ордуудтай төмөр замаар холбогдсон аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх талаар тусгасан. Мөн экспортыг дэмжих замаар дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замналыг бий болгон далайн боомтуудад гарц­тай болох бодлогын чиглэлийг тодор­хойлсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхний шатны төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг баталж, урьдчилсан техник-эдийн зас­гийн үндэслэлийг боловсруулсан. Мөн геодези, геологи хайгуул, байгаль орчны үнэлгээ зэрэг трассын дагуух судалгааны ажлууд хийгдэж байгаа юм байна. Энэ мэт нилээд ажил хийгдэж байгаа мэт боловч яг төмөр зам баригдах ажил бодитой үр дүнд хүрээгүйгээр барахгүй сунжрах хандлагатай байна гэж үзэж, ажлыг эрчимжүүлэх чиг­лэ­лийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт  өгч байна.

-Эрчимжүүлнэ гэхээр их л ерөн­хий сонсогдоод байна. Яг яах ёстой гэсэн үг вэ?

-Манай улсын эдийн засаг ойрын 5 жилийн дотор 4 дахин нэмэгдэх тооцоог эдийн засагчид гаргасан байдаг. Энэ өсөлтийг хангах гол нөхцөл нь 2012-2013 онд Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон уул уурхайн ордыг ашиглаж, бүтээгдэхүүнийг боловсруулан, дэл­­хийн зах зээлд гаргах тооцоон дээр үндэслэгдсэн байдаг. Өнөөдөр Тавантолгойн уурхайг ашиглахад бэлэн болж, нүүрсийг нь гаргаж эхлээд байна. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг байгуулах ажлын явц хурдацтай өрнөж, 2012 ондоо багтаж зэсийн баяжмалаа гаргах нөхцөл бүрдэж байна. Тээвэрлэх ачаа нь бэлэн болж байхад төмөр зам  байгуулах ажил нь хоцрох гээд байгаа учраас энэ хугацаанд багтаж төмөр замаа байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Тэгвэл энэ нэг жил хагасын дотор хичнээн км төмөр зам барих шаардлагатай юм бэ?

-Төрөөс төмөр замын тээврийн  талаар баримтлах бодлогод тусгагд­снаар эхний үе шатанд Тавантолгойгоос Чойбалсан хүртэл 1100 км төмөр зам барих ёстой. Энэ ажлаа нэн тэргүүн ээлжинд явуулах хэрэгтэй. Мөн бодлогын баримт бичигт төмөр зам барих ажлын үе шат бүрийн эхлэх хугацааг Засгийн газар тухай бүр шийдвэрлэж байхаар заасны дагуу хоёр дахь үе шатны төмөр зам барих ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. Тэгэхээр нийтдээ 2000 орчим км төмөр зам барих ажил өрнөх тул маш нарийн төлөвлөгөө гаргаж, зөв зохион байгуулалтанд орж ажиллах шаардлагатай. Энэ ч үүднээс холбогдох яамдаас тавьсан хүсэлтийн дагуу Концессын тухай хуулийн тусгай нөхцлийг ашиглаж, гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрийн төсөлд тусган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд танилцуулсан. Одоо энэ талаар Ерөнхий сайдад танилцуулж байгаа. Мөн Улсын Их Хурлын даргад танилцуулж, нэгдсэн зөвшилцөлд хүрснээр энэ шийдвэр албан ёсны баримт бичиг болох юм.

-Төмөр замаар тээвэрлэх гол ачаа нь ямар төрлийн бүтээгдэхүүн байх вэ? Шинээр баригдах төмөр замаар тээх ачаа хаана хүрэх вэ?

-2010 онд нүүрс 16 сая тн, төмрийн хүдэр 3,5 сая тн, зэсийн баяжмал 570 мянган тн, жоншны хүдэр ба баяжмал 375 мянган тн, газрын тосны бүтээгдэхүүн 180 мянган тн-ыг тээвэрлэж, экспортод гаргасан байна. Үүний нүүрс, газрын тосноос бусад ачаа төмөр замаар экспортод гарч байна. Тэгэхээр хамгийн их жин дарах, цаашдаа ч хэд дахин өсөх ачаа нь нүүрс боловч одоогоор төмөр зам баригдаагүйн улмаас зөвхөн автотээврээр тээвэрлэж байна. Манай нүүрсний чанар сайн, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Тайван зэрэг манай ойрын хөрш, зэргэлдээ улс орнуудын төмөрлөг, химийн үйлдвэрт нэн хэрэгцээтэй, эдгээр үйлдвэрүүдэд ч түүхий эдийн нийлүүлэлт доголдож, нэмэлт эх үүсвэр хайж байгаа тул бид ийм хэрэглэгчтэй шууд холбогдох шаардлагатай байгаа юм.

-Шинээр баригдах төмөр зам улс, нийгэмд ямар ач холбог­долтой, ямар үр дүнг үзүүлэх вэ?

-Сүхбаатар-Улаанбаатарын төмөр замыг 1949 онд байгуулж ашиглалтанд хүлээж авсан байдаг. Түүнээс өмнө хэдэн мянган ачааны автомашин энэ хооронд Монголд хэрэгтэй техник хэрэгсэл, өргөн хэрэглээний барааг тээж авчран, манай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргадаг байсан. Төмөр замаар эдгээр ачааг тээх болсноор тэдгээр автомашинууд чөлөөлөгдөн, бараг 700 жил ард түмний хүч, хөрөнгөөр залгуулдаг байсан морин өртөөг халж, аймаг, хот хоорондын автотээврийн орчин үеийн харилцаа хөгжиж эхэлсэн байдаг.

Шинээр баригдах төмөр зам ашиглалтанд орсноор Өмнөговь айм­гийн газар нутаг, байгаль орчныг “там” болтол нь нь доройтуулж, замын хөдөлгөөний хамгийн аюултай нөхцөл бүрдсэн нүүрсний тээвэрлэлтийг нэг мөр цэгцлэх боломжтой болно. Хам­гийн гол нь манай улсын гол нэрийн экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд, эцсийн хэрэглэгчдээ очих болно. Үүний үр дүнд манай улсын хөгжлийн баталгаа хангагдах юм. “Атарын 3 дугаар аян” газар тариаланг сэргээсэн шиг “Төмөр замын хоёр дахь бүтээн байгуулалт” Монгол Улсын хөгжлийн баталгаа болох юм.  

-Ярилцлага өгч, тодорхой мэдээлэл бидэнд өгсөнд баярлалаа

"Ардын эрх" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж