УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийгмийн хааламжийн санд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллээр 2016 онд хүүхдийн мөнгө олгоход зориулж 144 тэрбум төгрөг тусгасан нь эхний зургаан сард зарцуулж дууссаныг төсөвт тодотгол хийх хүрээнд үргэлжлүүлж олгосон байна. Ингэснээр энэ оныг дуустал хүүхдийн мөнгө олгох бололцоо бүрджээ.
Мөн жилд 730 мянган хүн халамж хүртэж байгаа нь дөрвөн хүн тутмын нэгд халамж чиглэж буйг харуулж буй аж. Ажил хийдэг хэрнээ халамжид хамрагдах хүсэлтэй иргэд ч олон юм байна. Иймээс халамжийг зорилтот хэсэгт хүргэх тогтолцоог бий болгох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртэх сонирхолтой иргэдийг ядуурлаас гаргах олон талын арга хэмжээ хэрэгжүүлж ажиллахаар тодорхой бодлого гарган, эхнээсээ хууль эрх зүйн өөрчлөлт хийж эхэлсэн гэдгийг онцоллоо.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүд техникийн спиртэнд хордсон иргэдийн талаар Ерөнхий сайдыг мэдээлэл хийхийг хүссэн байна. Энэ талаар мөн мэдээлэл өглөө.
Дорнод аймгийн Халх гол суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Петро чайна дайчин тамсаг” компанид ажиллаж байсан иргэд шингэн зүйлийг ууснаас хордсон гэдэг эхний мэдээлэл орон нутгаас Улаанбаатар хотод 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ний 18.00 цагт ирсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, хоёр ч ажлын хэсэг байгуулж ажилласан. Улаанбаатар хотоос хоёр эмч, хоёр сувилагч илгээж, эрүүл мэндийн шаардлагатай тусламжийг үзүүлсэн. Хордлогод орсон иргэдийн амь насыг аврах чиглэлээр шуурхай ажилласан төдийгүй, шаардлагатай тоног төхөөрөмжийг Дорнод аймаг руу авч явснаар цаг алдалгүй шаардлагатай эмчилгээг хийж чаджээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж Ерөнхий сайдаас гадна Шадар сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Г.ДАРЬ