Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ), Олон улсын олимпийн хорооны экспертээр Монголын дасгалжуулагч ажиллажээ хэмээх мэдээ цахим ертөнцөөр цацагдсан. Угтаа БНАСАУ-ын Пхеньян, Вьетнамын Ханой хотод дасгалжуулагчдын заах арга барил, сургалт дасгалжуулалтын онол, бэлтгэлийн тѳлѳвлѳлтийн дагуух сургалт болжээ. Уг сургалтуудыг ДБНХ-ны томилолтоор удирдаад ирсэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Пхеньян хотод ДБНХ-ны томилолтоор ажилласан. Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч орны дасгалжуулагчдын сургалтыг ахалж удирдсан нь монголчуудад олзуурхууштай юм?
-Баярлалаа. Аравдугаар сарын 17-24-нд Хойд Солонгосын Пхеньян хотод ДБНХ-ны томилолтоор ажиллаад ирлээ. Газар орны сонин гэвэл яг л өөрийн хүүхэд насандаа ахин нэг очоод ирлээ дээ. Улаан бүч зүүсэн пионерууд, зүлэг усладаг машин дагаж гүйх жаалууд, цэвэрхэн гудамж талбай, маш дэг журамтай жагсаалаараа зогсон автобус хүлээх иргэд, орос машины яндангаас гардаг утааны танил үнэр гэх мэт (инээв). Гэхдээ шинээр төлөвлөж бүтээн байгуулсан орчин үеийн хот бас тэнд сүндэрлэж байна. Спортын барилга байгууламжийг спортын тѳрѳл бүрээр барьж босгожээ. Дотроо цагаанаар атаархаж явлаа даа. Ямар бурхан бидэнд Лхагвасүрэн гэдэг жанжин заяаж, тэр хүн энэ Спортын тѳв ордон гэдэг буянтай өргөөг барьж өгсөн юм. Тэр агуу хүний үр хүүхэд, төрлүүдэд нь талархал илэрхийлье.
-Вьетнамын тухайд?
-Харин Вьетнамын Ханой хотод арваннэгдүгээр сарын 5-14-нд 1 дүгээр шатны болон өмнө нь 1 дүгээр шатны сургалтыг дүүргэсэн дасгалжуулагчдын гүнзгийрүүлсэн сургалт, өсвөрийн болон залуучуудын нэгдсэн цугларалт болж өнгөрлөө. Энэ сургалтыг ДБНХ-ны Хөгжил хамтын ажиллагааны хэлтсийн Ази далайн орнуудыг хариуцсан ахлагч Украины иргэн Андрей Воронцов, Лондон-2012 олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, АНУ-ын иргэн Кларисса Чун нартай хамтран зохион явуулаад ирлээ.
-Та ДБНХ-нд харьяалагдаж ажиллаад хэсэг хугацаа өнгөрлөө. ДБНХ-ны Хөгжил хамтын ажиллагааны хэлтсийн гол зорилго юу юм бэ?
-Миний харьяалагддаг ДБНХ-ны Хөгжил хамтын ажиллагааны хэлтэс нь чөлөөт, сонгомол, эмэгтэй бѳхийн барилдааныг дэлхий даяар ѳргѳн дэлгэр хѳгжүүлэх зорилготой ажилладаг. Энэ утгаараа Ази, Африк, Өмнѳд Америк, Европийн орнуудад үе шаттайгаар сургалтыг явуулж, тэдгээр орнуудын дасгалжуулагчдын заах арга барил, сургалт дасгалжуулалтын онол, бэлтгэлийн төлөвлөлт, түүний ач холбогдлоо зөв тодорхойлж, дүгнэх, цаашдын үйл ажиллагаагаа хѳгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа хэрэг юм. Үүний хажуугаар маш олон төрлийн мэдээлэл мэдлэгүүдийг тэдэнд хүргэдэг. Судалгаа дүгнэлтүүд, допингийн эсрэг үйл ажиллагаа, дсгалжуулагчийн ёс зүй, тамирчдын хооллолт, нѳхѳн сэргээлт гэх мэт. Гол анхаарч буй зүйл нь багш тамирчдын харилцаа, хандлага дээр төвлөрч сургалтууд явагддаг. Манай бөх сонирхогчид сайн мэдэж байгаа. Азийн орнууд, ялангуяа далайн орнуудад чөлөөт бөхийн хөгжил удаашралтай зогсонги байдалд орсон. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр биднийг хүүхэд байхад Филиппин, Малайз. Лаос, Камбож, Тайланд, Тайвань зэрэг орны бөхчүүд насанд хүрэгчдийн олон улс, тивийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог байсан. Тэгвэл сүүлийн үед дээрх болон бусад орнуудаас өсвөр залуучуудын тивийн аваргад оролцогчдын тоо эрс буурч байгаа нь бөхийн спортыг дэлхий даяар өвтэгш хѳгжүүлэн ѳргѳн дэлгэрүүлэх үндсэн зорилгод нийцэхгүй болж ирсэн. Энэ байдал ганц Ази тивд байгаа биш л дээ.
-Сургалтын агуулга стандартын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү. Хичнээн орны дасгалжуулагчид уг сургалтад хамрагдав?
-Нэгдүгээр шатны сургалтын стандарт нь 40 цагийн хөтөлбөртэй. Үүнд ДБНХ-ны баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, тэдгээрийн зорилго зэргийг танилцуулах, мөн дасгалжуулалтын онол арга зүй, бөхийн барилдааны дүрэм зэргийг танхимын сургалтаар, дасгалжуулагчдын ур чадварт суурилсан заах арга зүйг дадлагын хичээлээр олгодог. Ер нь бол 30 дасгалжуулагчаас илүүгүй байх стандарт шаардлага бий. Сая Пхеньянд явагдсан семинарт 30 дасгалжуулагч бүртгүүлээд байсан ч яг биднийг очих үед энэ тоо бараг хоёр дахин буюу 54 дасгалжуулагч оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс газар дээрээ зөвшилцөн бүх дасгалжуулагчдыг хамруулах бүхий л аргыг эрэлхийлж, ажиллах цагаа сунгаж, 60 гаруй цагийн хөтөлбөртэйгээр энэ сургалтыг явууллаа.
-Монголчууд бидний сайн танил Барселон-1992 зуны олимпийн наадмын аварга алдарт бѳх Ли Хак Сон уг сургалтад оролцсон гэсэн үү?
-Тийм ээ. Надад үнэхээр сайхан сэтгэгдэл тѳрүүлсэн. Хувь хүнийхээ талаас даруу төлөв зантай, цаг сайн баримталдаг, их хичээнгүй хүн санагдсан. Шалгалтаа ч сайн өгч сертификаттай дасгалжуулагч болж талархлаа илэрхийлэх үед нь сэтгэл их хөдөлж, бөхийн гэр бүлээрээ бахархах, омогших сэтгэгдэл тѳрсѳн. 1993 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд энэ бөхийн барилдааныг нүдээр үзэх хувь надад тохиож байсан. Тэр үед энэ агуу бөхийг бидний үеийнхний үлгэрлэн дуурайдаг, бахархал болсон бөхчүүдийн нэг Л.Сэргэлэнбаатар ах маань ялж бөхөд хайртай Монгол түмнийг цөсийг нь цалгитал баярлуулж байлаа шүү дээ.
–Олимпийн наадмын аварга алдартнууд хамрагдсан гэхээр сонирхолтой санагдлаа. Сургалтын ач холбогдол нь юу байв?
-Мэдээжийн хэрэг маш олон талын ач холбогдолтой. Нэг дор маш олон дасгалжуулагч багш нарыг хамруулж, тэдэнтэй туршлага солилцож, сүүлийн үеийн бөхийн хөгжлийн хандлагуудын тухай саналаа солилцож, тухайн газар орны бөхийн хөгжлийн түвшинг бодитоор тодорхойлж, цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж өгдөг.
Бас нэг чухал ач холбогдолтой зүйл нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олон улс, тив дэлхийн тэмцээнд баг хариуцан оролцох бүх дасгалжуулагчид хамгийн багадаа 1 дүгээр шатны сургалтыг дүүргэж 60-аас дээш оноо авч, ДБНХ-ны албан ёсны сертификаттай дасгалжуулагч болсон байх ёстой гэсэн шинэ шаардлага гарч ирсэн. Анхан шатны сургалтыг дүүргээгүй дасгалжуулагчид ДБНХ-ны харьяалал дор зохиогдож буй тэмцээнд оролцох боломжгүй болж байна гэсэн үг. Нэг ёсондоо Дэлхийн бөхийн холбоо дасгалжуулагчдаа аттестатчилж байна гэх үү дээ. Мѳн 80-аас дээш оноо авсан дасгалжуулагчид 2 дугаар шатны сургалтанд хамрагдах эрхтэй ба зэрэглэлээ ахиулж 3 дугаар шатны сургалтанд тэнцэж байж тухайн улсынхаа шигшээ багийг дасгалжуулах түвшинд хүрнэ гэсэн үг юм. Энэ нь тухайн дасгалжуулагчийн зөвхөн өөрийн барилдааны болон бие бялдрын ур чадвараас илүүтэйгээр дасгалжуулах ур ухаан, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга бат, мэдлэг боловсролын түвшин, нэн хурдтай хѳгжиж байгаа шинжлэх ухаан, техник технологийн шинэлэг зүйлсийг сургалт дасгалжуулалтад нэвтрүүлэн ашиглах чадвар бүхий дасгалжуулагчдыг бэлтгэх цогц хөтөлбөр юм.
-Сургалт семинар зохион байгуулахад асар их зардал гарах нь ойлгомжтой?
-Энэ тал дээр ОУОХ-ны “Олимпийн эв санааны хөтөлбөр” болон ДБНХ хамтран зохион байгуулж санхүүжүүлдэг. Зарим тохилдолд тухайн орнуудын спортын салбар хариуцсан төрийн байгууллага, ҮОХ, Бөхийн тѳрлүүдийн холбоо нь санал гаргаж энэхүү хөтөлбөр сургалтыг явуулах боломжтой.
-Ийм чухал ач холбогдол бүхий семинар манайх шиг бөхийн оронд яагаад зохиогдохгүй байна вэ? Та бүхний төлөвлөгөөнд бий юу?
-Манай улсын хувьд МЧБХ 2016 оны эхний улиралд ДБНХ-д хүсэлтээ ѳгч, Хөгжлийн хэлтсээс 2016 оны аравдугаар сарын 7-14-нд энэхүү сургалт семинарыг хийхээр төлөвлөгөөнд тусгаж, ОУОХ-ны “Олимпийн эв санааны нэгдэл”-ээс 100% санхүүжүүлэн МҮОХ, ДБНХ, МЧБХ хамтран хэрэгжүүлэхээр болсон. ДБНХ-ноос эрх бүхий сургагч экспертүүдийг томилон, Монгол Украин, АНУ-ын сургагчид сургалтыг зохион байгуулах чиглэлээ аваад төлөвлөгөө хийгдсэн байлаа. Даанч цуцлагдсан…
-Яагаад цуцлагдах болсон юм бол?
-Харамсалтай нь, Рио-2016 олимпийн наадмын үеэр манай дасгалжуулагчдын гаргасан үйлдэлтэй холбогдуулан ОУОХ, “Олимпийн эв санааны нэгдэл”-ээс энэхүү сургалтыг тодорхойгүй хугацаагаар цуцласан шийдвэрээ ДБНХ-нд болон МЧБХ-нд албан хүргүүлсэн байдаг. Мэдээжийн хэрэг манай улс олон сайн дасгалжуулагчтай. Үүнтэй хэн ч маргахгүй. Сургалт семинарууд зохион байгуулж явах үедээ үргэлж Монголынхоо чадварлаг багш нараар бахархаж харьцуулан бодож явдаг. Энэ семинарыг заавал Монголд хийх шаардлагагүй ч гэж үзэх хүмүүс гарах байх. Гэтэл дээр дурьдсанчлан энэхүү семинарт оролцоогүй тохиолдолд олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд манай дасгалжуулагчид оролцох боломжгүй болж байгаа юм.
-Гэвч бид өөрсдийн оронд энэ сургалтыг зохион байгуулах боломжоо алдсан нь харамсалтай юм. Дасгалжуулагчид зайлшгүй сургалт, семинарт хамрагдах шаардлагатай шүү дээ?
-Хамгийн ойр болж буй сургалтанд очиж хамрагдах боломжтой. Гэтэл бид улсын болон оюутны шигшээ баг, нийслэл, дүүрэг, хѳдѳѳ орон нутаг, спортын хороо, спорт клубууд гээд хичнээн олон дасгалжуулагчтай билээ. Бараг 100 орчим дасгалжуулагч багш нар тоологдоно. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд тогтмол тамирчдаа авч оролцдог клуб, спорт хороо, орон нутгийн дасгалжуулагчид бий. Тэд маань гадаадад зохиогдох сургалтанд очиж оролцоно гэхээр олон хүндрэл тулгарна. Замын болон байр хоолны зардал, хэлний бэрхшээл гээд… Энэ тал дээр МЧБХ сургалт зохион байгуулах хүсэлтээ ДБНХ-нд дахин явуулсан. Одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Миний бие албаны шугамаар Хѳгжлийн хэлтэстээ хүсэлт тавьсан байгаа. Хариу хүлээж сууна. Энэ мэт асар их хохирлыг манай тамирчид дасгалжуулагчид хүлээж байна. Ѳсвѳрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан бидний залгамж халаа тамирчид, тэдний эцэг эх хамт олон, дэмжиж тусалсан хүмүүс хөдөлмөрийнхөө үр шимийг тухайн үедээ үзэж чадсангүй. Өөрсдөөс үл хамаарах шалтгаанаас болж олон арван дасгалжуулагчид мэдлэг чадвараа дээшлүүлэх алтан боломжийг алдлаа. Хамгийн бодит ойрын хохирол нь энэ. Холын буюу ирээдүйд учирч болох хохирол гэж бас бий. Энэ нь 2013 онд бидний хайртай энэ спорт Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдах хэмжээнд хүртлээ нэр хүнд нь муудаж, бѳхѳд хайртай олон сая хүний хүч хөдөлмөр, зөв бодлого, хүсэл мөрөөдлийн давалгаагаар бид 2020 оны олимпийн наадам дуустал олимпийн тѳрлийн спортдоо үлдсэн. Нэг ёсондоо бид, бид гэдэг маань Дэлхийн бѳхийн холбоо тэнсэн харгалзах ялтай байгаа гэсэн үг.
-Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-ДБНХ-ны ерѳнхийлѳгч, Серб улсын иргэн Ненад Лалович Олимпийн наадмын ѳмнѳ буюу наймдугаар сарын 13-нд Рио хотод багийн ахлагч, дасгалжуулагчдад зориулсан техникийн зөвлөгөөн дээр маш тодорхой хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр “Мэдээж бид энд өндөр амжилт гаргахаар, олон жилийнхээ ажлыг дүгнэхээр цуглаад байна. Бидний хайртай спорт олимпийн хөтөлбөрөөс хасагдах хэмжээнд хүрсэн үед та бүхэнтэйгээ бид хамтдаа зүтгэж олимпийн хөтөлбөртөө үлдэж чадсан. Тиймдээ ч өнөөдөр бид Риод ирцгээгээд байна. Дэвжээн дээр болон дэвжээнээс гадна, олимпийн үйл ажиллагаа явагдаж буй бүхий л газарт бид дээд зэргийн сахилга бат, ёс зүйг баримтлаж, энэ том наадмыг хүндэтгэж оролцоорой. Бид ОУОХ-ны хатуу хараа хяналт дор, тодорхой хэлбэл микроскопны дурангийн дор тэмцээнд оролцож байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье” гэж хэлсэн нь миний тэмдэглэлийн дэвтэрт байна. Энэ хуралд миний бие, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр ах орчуулагчтайгаа буюу ширээний теннисний чадварлаг шүүгч Э.Мѳнхбилэгийн хамт гурвуулаа суусан юм.
-Гэтэл бид эсрэгээрээ хандсан????
-2024 оны олимпийн наадамын хөтөлбөрт чөлөөт бѳхийн спорт багтах уу үгүй юу гэдэг асуудал үүсч байна гэсэн үг. Одоо ирээдүйн зорилгоо тавиад олон зүйлсийг золиослоод зүтгэж яваа залуу халаа дүү нар маань тэр үед биднийг юу гэх бол?
Их удаан харж ажиглаж л байна. Ийм үйлдэл гаргасан хүмүүс нь буруугаа хүлээж ард түмнээс, үе үеийн бөхийн түүх болсон ахмадууд, ирээдүйн залуу халаа болсон хүүхэд залуучуудаас уучлал гуйх болов уу гэж найдаж байгаа.
МЧБХ-ны удирдлагууд энэ бүх үйлдлийг нь таслан зогсоогоогүйнхээ төлөө, мөн олимпоос медаль авч чадалгүй ард түмний итгэлийг алдсаныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал хүссэн.
-Ингэхэд та яаж яваад ДБНХ-ны хүн болчихов оо? Арай Б.Болд ахынхаа нѳлѳѳгѳѳр?
-(инээв) 2013 оны арванхоёрдугаар сард Японы Токио хотод хамтарсан бэлтгэл хийж байх үедээ олон улсын дасгалжуулагчдын семинарт хамрагдан суралцсан. Тус семинарт 20 орчим орны шигшээ багийн дасгалжуулагчид оролцсон. Тэр үеэр ДБНХ-ны Хөгжил хамтын ажиллагааны хэлтсийн захирал Лукас О’Kаллехантай танилцаж бөхийн спортын талаар, мѳн тус хэлтсийн үйл ажиллагааны талаар нилээд дэлгэрэнгүй ярилцаж, чөлөөт бѳхийн хөгжлийн талаар ѳѳрийн үзэл бодлоо хуваалцаж байв. Үүнээс хойш бид тогтмол харилцаатай болж, үүн дээрээ түшиглэн 2015 оны Катарын Дохад болсон Ази тивийн АШТ-ий үеэр МЧБХ-ны ерѳнхийлѳгч Д.Дагвадорж Монгол улсад Азийн бөхийн академийг байгуулах хүсэлтээ тус хэлтэст тавьж, одоо ажил хэрэг болох шатандаа явж байгаа. Ингээд 2015 оны арваннэгдүгээр сард ДБНХ-ны Хөгжил хамтын ажиллагааны хэлтсээс надад Японы Токио хотод болох ахлах дасгалжуулагчдын олон улсын семинарын практик сургалтын хэсгийг АНУ-ын иргэн, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Терри Стэйнерийн хамт удирдаж явуулах урилга ирсэн. Тэнд орон орны ахлах дасгалжуулагчидтай маш үр дүнтэй сургалт болж ѳнгѳрсѳн. Үүний дараа 2016 оны гуравдугаар сард Казахстаны Астана хотод зохиогдох CERTIFIED EDUCATOR буюу эрх бүхий сургагчдын сургалт, сонгон шалгаруулалтанд оролцох урилга ирсэн. Тэнд 30 орчим хүн хамрагдсанаас албан ёсоор 10 хүнийг сонгон шалгаруулж, баталгаажуулсан хүмүүсийн тоонд багтсан.
Миний суурь хүмүүжил, хувь хүн бие хүн болж төлөвших үйл явц, бөхийн спортыг сонгон хичээллэж, ажлын ачаалал, үг болон үйлдэл даах чадвар, мѳн сурч боловсорч өөрийгөө хѳгжүүлэх болон аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж, бусдын итгэлийг дааж, ах захтай явах чанаруудыг миний ах Буяндэлгэрийн Болд надад гүн гүнзгий суулгаж ѳгсѳн нь гарцаагүй.
-Таны дараагийн томилолтууд тодорхой болсон уу? Нууц биш бол хаана вэ?
-Үүнд нууцсаад байх зүйл юу байх вэ. Арванхоёрдугаар сарын 18-23-нд Афганистан улсад ажиллана. Ойрын өдрүүдэд Нигерид ажиллах байсан ч чөлөө авчихсан. (Тэрээр хэд хоногийн өмнөөс МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа билээ)
-Харин дасгалжуулагчийн ажлыг сонгох үед маань эрс эсэргүүцэж байсан хүний нэг нь яах аргагүй ах тань?
-“Маш хүнд, хариуцлагатай ажил шүү. Би өөрөө биеэрээ туулж өнгөрүүлсэн хүн. Миний дүү сайн бод” гэж хэлж байлаа. Ѳѳрийн байр сууриа хамгаалсаар би багшийн ажилдаа орсон. Энэ бол 2006 он юм.
-Та залуучуудын шигшээ баг, насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах гээд шат дарааллаар нь ахлах дасгалжуулагчийн ажлыг хийж олон амжилтанд хүрсэн?
-Хамгийн түрүүнд би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний насан туршдаа эрхэмлэж нандигнан явах БАГШ хэмээх сайхан нэрийг надад ѳгсѳн хүндтэй хүмүүс маань бол халуун сэтгэл, нугаршгүй итгэлээр намайг хүлээн авсан чөлөөт бѳхийн эмэгтэй багийн хамт олон, охид минь юм. Энэ охид л намайг багш аа гэж дуудаж, багш минь гэж итгэж хамтдаа хөгжиж ѳдийг хүрчээ. Охиддоо багш нь үргэлж талархаж, та нараараа бахархаж явдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Энэ хугацаанд олон сайхан амжилтанд хамтдаа, олуулаа хүрчээ. Дэлхийн АШТ-ий 2 алт, 3 мѳнгѳ, 4 хүрэл нийт 9 медаль, Дэлхийн цом буюу багийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль цом, Универсиад наадмын алт, Ази тивийн аваргын 3 алт гээд (2013-2016 он). Энэ бүх амжилтын үндэс нь 1990 оны сүүлчээр Монгол улсад эмэгтэй чөлөөт бѳхийг үүсгэн байгуулсан Ц.Нацагдорж гуай, Л.Ням багш, мѳн олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү болон тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үе үеийн багш дасгалжуулагчид, тамирчин охидын маань хичээл зүтгэл байлаа. Мэдээжийн хэрэг энд татвар төлөгч ард түмэн, төр засаг, МЧБХ, биднийг дэмжигчдийн халуун сэтгэл бас бий. Ялагдал харуусал, гомдол тунирхал, алдаа оноо аль аль нь байсан даа. Миний охид бол байгалаас заяасан шижир алтнууд юм. Харин би л тэднийгээ зүлгэж өнгөлж, хэлбэрт оруулж олимпийн алтан медаль “хийж” чадсангүй. Багийг удирдаж ахлаж ирснийхээ хувьд би бүх бурууг өөртөө хүлээж, хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа БТСГ, ҮШБ-ийн тайлангийн хурал дээр мэдэгдсэн. Мѳн МЧБХ-нд өргөдлөө өгсөн байгаа. Удахгүй болох Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.
-Олимпийн наадмаас бусад бүх том тэмцээнд танай охид алт, мѳнгѳ, хүрэл медаль авсан. Энэ чинь амжилт биш гэж үү?
-Амжилт мөн. Гэхдээ дүү минь бод. Энгийнээр тайлбарлая. Би 10 дугаар ангийн сурагч гэж бодоё. Улирлын болон явцын шалгалтуудаа бид онцсайн гэсэн үнэлгээтэйгээр ѳгч явсан. Энэ нь тивийн болон дэлхийн аварга, дэлхийн цом гэж ойлгоё. Харин сургууль тѳгсѳх шалгалтандаа муу дүн авчихсан. Шалгалтандаа уначихсан гэсэн үг. Энэ нь олимпийн наадам. Олимпийн наадам бол тухайн циклийн дүнг тавьдаг ганцхан шалгалт. Ангийнхан маань цаашаа их дээд сургуульд ороод явна. Унасан хүн яадаг билээ? Улирсан хүн тэр ангитайгаа цааш явдаггүй, байрандаа л үлдэнэ. Зарчим нь ердөө л энэ. Чадварлаг, зарчимтай, ёс зүйтэй хүмүүс энэ багийг цааш авч явах ёстой. Тийм залуус охид байгаа. Тэд маань миний алдаанаас суралцаж охидыг маань Токиогийн олимпийн хамгийн дээд тавцанд зогсоож чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Ц.ГАНБАТ