Б.Саруул: Ямар үгээр баярласан сэтгэлээ илэрхийлэхээ мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Б.Саруул: Ямар үгээр баярласан сэтгэлээ илэрхийлэхээ мэдэхгүй байна

2014 онд “Арвин Алтан Тэвш“ ХХК-ийн борлуулагч Б.Алтанхуяг ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсан билээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд тус хэргийн талаар андуу ташаа мэдээлэл их бичигдэх болсон. Тухайлбал, “АПУ компани талийгаачийн эхнэр Б.Саруул бүсгүйгээс 31 сая төгрөгийн өр нэхэмжилж, зээлийн барьцаанд орон сууцыг нь хураан авах гэж байна хэмээн гуйвуулан бичсэн мэдээ, мэдээлэл олширсон юм.

Тэгвэл АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, талийгчийн эхнэр Б.Саруул нар өчигдөр Монгол телевизийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрийн Зочны цагаар оролцож уг ташаа мэдээллийн талаар тодруулга өгсөн бөгөөд АПУ компани Б.Саруул бүсгүйн амьдралд дэмжлэг үзүүлж, үр хүүхдүүдийнх нь цаашдын сайн сайхны төлөө “Арвин Алтан Тэвш“ ХХК-аас нэхэмжилсэн 31 сая төгрөгийн өр төлбөрийг бүрэн тэглэхээр болсныг дуулгасан юм.

Энэ мэдээллийн дагуу бид Б.Саруултай уулзаж түүний сэтгэгдлийг сонслоо.


-Таны өрийг АПУ ХК-аас бүрэн барагдуулж, өргүй болж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ. Өнөөдөр “Арвин Алтан Тэвш“ ХХК-ийн нэхэмжлэлтэй өрийг минь АПУ компани миний өмнөөс бүрэн төллөө. Үнэхээр маш их баярлаж яг ямар үгээр баярласан сэтгэлээ илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Зүүд ч юм шиг санагдаад өөрийн эрхгүй нулимс урсаад байна / Уйлав/. Сүүлийн 2 жилийн хугацаанд ингэж баярлаж, баярын нулимс гаргаагүй юм байна. “Миний дүү үр хүүхдийнхээ төлөө өөдрөг амьдраарай, илүү ихийг бүтээгээд сайн сайхан амьдраарай” гэж хэлсэн үг нь одоо болтол чихэнд минь сонсогдож байна. Энэ сайхан хамт олны итгэлийг алдахгүй үр хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй, зөв хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж л бодож байна.

-Барьцаанд байсан дүүгийнхээ байрыг чөлөөлсөн байх? Энэ бүх хүнд хэцүү үеэд таны зовлон, жаргалыг хуваалцаж байсан хүмүүст болон АПУ компанийн хамт олонд хандаж хэлэх үг байна уу?

-Юуны өмнө энэ хүнд цаг үед ийм том тус дэмийг үзүүлсэн АПУ компанийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Яг үнэнийг хэлэхэд маш их баярлалаа гэж хэлэх ч багадаад байна. Найз нөхөд, гэр бүл, ойр дотны бүх хүмүүсдээ бас баярласанаа хэлмээр байна. Тэд маань ч гэсэн надтай цуг миний ачаа, зовлонг үүрэлцэж байсан. Харин бидний энэ их өр, ачааг АПУ компани нуруун дээрээс минь авч өглөө. Одоо харин магнай тэнэгэр, сэтгэл сэргэг, бие хөнгөрөөд нисчихмээр ч юм шиг болж байна. Та нардаа үнэхээр их баярласнаа дахин дахин хэлмээр байна.

-Таны цаашдын ажил амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үргэлж өөдрөг, дээшээ харцтай байхыг хүсье.

-Амьдралын багана, түших тулгуураа харамсалтайгаар алдсан хэдий ч эмэгтэй хүний, эх хүний тэсвэр хатуужлыг зааж яваа Саруул бүсгүйн энэ зовлонг амны зугаа болгож, бодит мэдээллийг гуйвуулж, аль нэг компани, хэн нэг хүнийг харлууллаа гээд түүний өр багасч, зовлон нимгэрээгүй нь лавтай.

Иймд хэн нэгэнд тохиосон уй гашууг ашиглаж үнэн худал нь тодорхой бус, хэт нэг талыг барьсан ямарваа нэг мэдээ мэдээлэлд манай уншигч олон ухамсартай хандаж, өөрсдийн үзэл бодлоо боловсон илэрхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь энэ мэт мэдээ мэдээллийг мушиган гуйвуулалгүй үнэн бодит байдлыг хүмүүст мэдээлж, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө ёс зүйтэй ажиллахыг уриалж байна.

Г.ЦЭЦЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж