Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг шалгахаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн мягмар гаригт болсон Байнгын хорооны хуралдаан дээр “Тус банкны таван жилийн хугацааны ажлыг шалгаж, Ажлын хэсэг 200 хуудас бүхий дүгнэлт гаргасан. Хөгжлийн банкнаас 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал байна гэж үзсэн. Үүнийг жижиг асуудал гэж байгааг ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ зээлийг Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулж, нийт 2000 орчим аж ахуйн нэгж авсан гэдэг бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь МАН-ын гишүүдтэй холбоотой аж ахуй нэгж байсан талаар Ардчилсан намын гишүүд ярьсан бол МАН-ынхан үүнийг үгүйсгэж буй.
Олон нийтийн анхаарлыг татаж буй Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар хэн юу хэлснийг тоймлон хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
-Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
-Хөгжлийн банкнаас гарсан зээлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд авсан. Энэ тухай сонин хэвлэлээр зөндөө гарсан. Би нэр цохож хэлмээргүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Миний хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргалаа. Хэрэв миний бие хууль зөрчсөн гэж тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:
-Явуургүй зүйлээр улс төр хийх ямар ч шаардлагагүй гэж хэлмээр байна. Хөгжлийн банкнаас миний бие болон, миний гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан гэх яриа 2015 оноос яригдаж эхэлсэн. Яг энэ үед би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурын газар, Хөгжлийн банкинд албан ёсоор хандаж надтай холбоотой зээлийн асуудал, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байна уу гэдгээ өөрийн хүсэлтээр шалгуулсан. Хөгжлийн банкнаас “С.Бямбацогт болон холбоотой компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас “С.Бямбацогт хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тул хэрэг үүсгэхгүй” гэсэн шалгалтын хариуг албан ёсоор өгсөн. Хэрэв би асуудалтай байсан бол өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байх хугацаанд маань эрх барьж байсан нөхдүүд намайг аль хэдийнэ “шонд өлгөөд, шоронд оруулчихсан” байгаа. Эцэст нь хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор хэлье.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР: НАДТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЗЭЭЛ БИЙ
-Хөгжлийн банкнаас миний нэр дээр авсан ямар нэг зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг “МАК” компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагаад явж байгаа.
ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
УЛСЫН ТӨСВӨӨС ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
(Тайлбар: Үнийн дүн сая төгрөг, сая ам.доллараар илэрхийлэгдсэн болно)
Эх сурвалж: Хөгжлийн банк