-Байнгын худалдан авагчийн бодол-
Энэ намар хүнсний ногооны үнэ ойрын хэдэн жилдээ байгаагүйгээр навс унав. Шуудай тарвасыг 12 мянгахан төгрөгөөр, тор дүүрэн хүнсний ногоог /төмснөөс гадна нарийн ногоо шүү/ авахад ердөө тавхан мянган төгрөг. “Сайхан байна аа” гээд таван мянгат сарвайхад хүнсний ногоо зарж байсан эгч,
-Та нарт ч сайхан л даа. Харин бидэнд үнэхээр муухай байна. Зээл тавиад зунжин зовж, зүдэрч байж ургуулсан ногоогоо тарьсан өртгөөс нь хямдхан зарж байна. Ямар ч ашиг алга” гээд сэтгэл дундуур байгаа нь илт. “Барс” худалдааны төвд лангуутай байсан энэ эмэгтэй түрээсээ төлөхөд хүндрэлтэй байгаа болохоор хойд талд нь зам дагуу зогсч, ногоогоо зардаг болжээ.
Өнгөрсөн жил ногоогоо ямар үнэтэй зарсан эсэхийг нь асуувал, энэ жилийг бодвол өндөр үнэтэй байсан ч хятад ногооноос хямдхан байсан гэлээ. Яагаад?!
Хямдыг нь бодоод хятад төмс, хүнсний ногоо авдаг байсан болохоор Монгол ногоо хямдарчихаад байхад урд хөршийн ногоог сонгож буйн шалтгаан нь хүнсний ногоо худалдан авагчдын дийлэнх нь нийтийн хоол, ресторан, цайны газрууд байдагтай холбоотой ажээ. Эдгээр газрууд монгол бус урд хөршийн ногоог худалдаж авдаг гэнэ. Учир нь Хятад ногооны болц удаан, нялцайх нь бага байдаг учраас их хэмжээгээр нь хоолоо хийдэг газрууд хоолныхоо харагдах байдлыг нь бодоод илүүд үздэг гэнэ.
Хэдэн жилийн өмнө Эрээний нэгэн худалдаачин “Саяхан манай бүдүүн дарга танайд айлчлахдаа 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Манай дарга ухаантай юм болохоор биднээс бараа авах мөнгийг та нарт өгч байгаа хэрэг” гэж ирээд л хөнгөлөлттэй зээлийн гаргалгааг тайлбарлаж байсан. Бид одоо ч модоо бариад тэднээс мөнгө авахаар хөөцөлдөж буй. Энэ зээлийг аваад ухаангүй зарвал бас л Хятадын үйлдвэрлэгчдийг дэмжсэн хэрэг болно.
Хөршөө үзэн яддаг хэрнээ өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, бэлэн будаа ам руугаа хийлгэчихээд ам түлчихлээ гэж адгах нь алдаа.
Бидний муу хэлээд байдаг хөрш маань өөрсдийн мөнгийг өөрсдөдөө үлдээх бодлого барьдаг. Тиймээс өнөөдөр бүхнийг дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй дэлхийг хангаж байна. Харин бид хэрэглээнийхээ 80-90 хувийг импортолдог. Гаднаас зээл авна. Эргүүлээд тэднээс худалдан авалт хийнэ. Бүтээн байгуулалт хийнэ. Гадны ажиллах хүчийг авна. Ийм энгийн зарчимтай болохоор өнөөдөр магнайд доллар гарчихаад байгаа нь тэр. Бидэнд ам.доллар тийм их хэрэг болдоггүй бол төгрөгийн ханш маань чанга биш юмаа гэхэд боломжийн хэмжээнд байна гэсэн үг. Гол нь бидний худалдан авалт гадагшаа чиглэдэг учраас валют үнэтэй байгаа хэрэг.
Тиймээс зээлсэн мөнгөө эргээд өөрсдөд нь хөрөнгө оруулалт хийлгүйгээр Монголоо өөд нь татаж, яаж үлдээх вэ, эдийн засгаа түүгээр хэрхэн босгож, хөрөнгөө хэрхэн зузаатгаж, хөгжлөө яаж түргэсгэе гэдгийг сонгох нь чухал.
Өмнө нь уул уурхайгаас олсон, гадны зээл, тусламжийн хөрөнгөө гаднаас хямд үнэтэй, чанар муутай бараа зөөхөд зарцуулсан нь хэнд ч нууц биш.
Монголбанкнаас энэ жил ашиглалтад орсон орон сууцнаас 6600 нь борлогдоогүй талаар хоёр хоногийн өмнө мэдээлсэн. Эдгээр орон сууцыг барих арматур төмөр, цемент, засал чимэглэлийн бүтээгдэхүүн, цахилгааны утсыг бид хаанаас авсан билээ. Үнэндээ барилгачдыг дэмжих нэрийдлээр гаднаас барилгын материал зөөж, гадны ажиллах хүчийг цалинжуулахад л мөнгөө зарцуулаад өнгөрснийг гэрчлэх баримт гэж ч үүнийг ойлгож болно.
Хөршөө үзэн яддаг хэрнээ өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, бэлэн будаа ам руугаа хийлгэчихээд ам түлчихлээ гэж адгах нь алдаа. Адаглаад л Оросын гаалийн татвар өндөр гэж шатахуун импортлогчдод дэмжлэг үзүүлэхийн оронд нефть, нүүрс боловсруулах үйлдвэрээ барихаар хөрөнгө оруулалт хийх нь чухал.
Бид өөрсдийгөө бус өрөөлийг хөгжүүлэхийн төлөө өнөөдөр амьд явж, ажиллаж байна. Бид тэднийг үйлдвэрлэл, компанийг дэмжихийн тулд улсаараа өрөнд орж, зээл авч байна. Өнөөдөр халамжийн бодлого бариад буй нь үүний бас нэгэн буруу. Биднийг арчаагүй, дорой, өрсөлдөх чадваргүй болгож буй зүйл бол хэн нэгэнд буруу тохох. Ашиггүй зүйлд хөрөнгө оруулах. Тиймээс долларыг өсгөхгүй, төгрөгөө цаас болгохгүй хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэвэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа бус дотооддоо мөнгөө үлдээх арга замыг хайх хэрэгтэй.
Л.ТӨГС