Авлигачдын хоргодох оромж

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Авлигачдын хоргодох оромж

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр дуудаж, мэдүүлэг авсан нь өчигдрийн гол дуулиант мэдээлэл байлаа. Өнөөдөр өглөө /2016.12.01/ энэ тухай өдөр тутмын бүх сонингууд тэргүүн нүүрэндээ мэдээлж, ихэнх нь Н.Алтанхуягийн хэлсэн үгнээс иш татжээ.

АТГ-т мэдүүлэг өгөхөөр очихдоо Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд хандаж, “Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод, зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод, тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш” гэж.

Өөрийнх нь хэлснээр хэл амаа ололцоно гэдэг ард түмний эрх ашгийг огоороод, авлигачдыг өмөөрнө гэсэн үг биш. Юу үнэн, чухамхүү энэ үнэн. Гэвч, болсон үйл явдлыг эргэн сөхвөл Н.Алтанхуяг ба авлигачдын сүүлчийн хоргодох байр юу вэ гэсэн асуулт тавихад хүргэж байна. Бас Н.Алтанхуягийн эрх ба бидний эрх юугаараа ялгаатай вэ гэж.

Монголд авлигачдын сүүлчийн хоргодох байр эх орончийн үзэл болсон. Н.Энхбаяр өмнө нь, Н.Алтанхуяг өнөөдөр ийм л “өрөвдөлтэй дүр” бүтээж байна

Монголд авлигачдын сүүлчийн хоргодох байр эх орончийн үзэл болсон. Н.Энхбаяр өмнө нь, Н.Алтанхуяг өнөөдөр ийм л “өрөвдөлтэй дүр” бүтээж байна. Тэгээд ч эх оронч үзэлтэй хүн авлига авдаггүй гэсэн хууль дэлхийд хаана байна вэ. Ардчилал хүний эрхийг хамгаалдаг болохоос авлигачдын өмнөө барьдаг бамбай бас биш байлтай.

Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд хийж явсан. Албан тушаал болгонд зоолттой, Алтангадас шиг гялалзаж явсан өдрүүд бий. Харин тэр өнөөдөр авлигын хэргээр байцаагдаж байна.

Түүнийг болон төрсөн дүү, эгчийнх нь хүүхдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерт холбон сэжигтнээр татах үндэслэл байгааг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалаа урвуулан бусдын эд хөрөнгийг завших, үргэдүүлэх гэмт хэрэгт хамтарсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр, 270 дугаар зүйлийн хоёр дахь зүйл ангиар эрүү үүсгэн, сэгжитнээр татсан байна.

Н.Энхбаяр ч мөн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын төрийн гурван том албыг хашиж явсан атлаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар ах дүү нартайгаа нийлж хувьчилж авсан хэргээр шүүхээс ял сонссон.

Хэрэгт холбогдсон хүн хэзээ "би буруутай" гэж байлаа даа. Тэр тусмаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон бүхэн “Би буруугүй, намайг хилсдүүлж байна” гэсэн үгийг яг л тоть шиг давтдаг нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.

Монгол төрийн том сэнтийд заларч явсан тэд өөрсдийг нь “хохироож” байна гэсэн эрх ашиг дор нэгдэж, эх орончийн дүрд тоглох болсоор удаж байгаа юм. Ардчилал бол тэгш эрхийг иргэдэд олгодог. Дарга, цэрэг хэнбугай ч хэрэгт холбогдсон бол хуулийн дагуу хариуцлагаа үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл, даргын эрх, цэргийн эрх гэсэн хоёр тусдаа ойлголт байхгүй. Хэрэгт холбогдсон хүн хэзээ "би буруутай" гэж байлаа даа. Тэр тусмаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон бүхэн “Би буруугүй, намайг хилсдүүлж байна” гэсэн үгийг яг л тоть шиг давтдаг нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.

Монголын хууль, шүүхийнхэн ажлаа хийж байгаа. Харин үүнийг улстөржүүлж, өвөрдөлт дүр бүтээдгээ манай улстөрчид харин хэзээ болих вэ?

Хэн нэгэн дарга аль нэг хэрэгт, зөрчилд холбогдохоороо буруугаа хэн нэгэнд тохохыг хичээдэг. Тэр жишгээр муу л бол захын хар овоохой гэгчээр авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглагчид АТГ-т шалгагдаад эхлэхээрээ л Ерөнхийлөгч рүү довтолдог нь гэм биш зан болжээ.

Ардчилалын алтан хараацайнууд, амин найзууд, Ардчилсан намын журмын нөхдүүд байна уу, хамаагүй албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн бол Н.Алтанхуяг ч, Н.Энхбаярт ч илүү “эрх” гэж байх ёсгүй билээ.

Т.ГЭРЭЛЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж