-Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн ням гаригийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэнэ-
Хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг тэврэлтээр, инээмсэглэлээр, хайр халамжаар илэрхийлснээ өөрсдийн нүдээр төсөөлөн зургаар харуулжээ. Зарим нь эмээ, өвөөтэйгээ халуун дотноор тэврэлдсэн бол нөгөө хэсэг нь гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлж буйгаар зурсан байв.
Ийн гэр бүлийг өөрсдийн төсөөллөөр зурсан хүүхдүүд өнөөдөр /2016.12.02/ Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас зохион байгуулж буй “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгт оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.
Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ:
-"Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2016 онд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр илэрхийлсэн гар зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Хүүхдэд ээлтэй орчин, ээлтэй засаглал, оролцоог дэмжсэн “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хэрэгжүүлж ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн ням гаригийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх уриалгыг гаргаж байна. Энэ хүрээнд энэ өдрийг тэмдэглэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргасан байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа" гэв.
Энэхүү өдөрлөгт нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 100 гаруй багачууд оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс эхний зургаан байрыг шалгаруулж, урамшуулжээ.
Өдөрлөгийн үеэр аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлсөн хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнгээс дэлгэсэн байв. Мөн Нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл болсон Багахангай дүүргийн авьяаслаг гэр бүл Дамдинрагчаагийн гэр бүл тоглолтоо сонирхуулсан байна. Харин Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчид өөрсдөө зохиолоо бичиж, өөрсдөө найруулаад аз жаргалтай гэр бүлийн тухай жүжигчилсэн тоглолт үзүүлжээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ