Дутуу зассан замын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Дутуу зассан замын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Монгол Улсад хүнд даацын машинд зориулсан авто машины зам нийслэлд ч, орон нутагт ч байдаггүй. Гэтэл өнөөдөр  хүнд даацын, ачааны, элс хайрга, шороо ачсан машинууд хаа сайгүй давхиж байгааг харж болно. Дэлхийн аль ч улс оронд автомашины зам нь бага оврын, хүнд даацын, ачааны гэх мэт ялгаатай байдаг.
Нийслэлчүүдийг зуны улиралд хамгийн их бухимдуулдаг зүйл бол зам засварын ажил. Энд тэнд зам хааж, ногоон байгууламж сүйтгэж, их дуу чимээ гаргадаг гээд нэрлээд байвал бухимдах шалтгаан олон. Жил бүр замыг чанаргүй засч, түүнийгээ дараа жил нь, эсвэл тэр зундаа дахин засч иргэдэд чирэгдэл учруулдаг нь нууц биш. Тиймээс барьж байгаа замуудад стандарт байна уу, үгүй юу, чанаргүй материалаар хүний нүд хуураад байна уу гэсэн шүүмжлэл ч тасардаггүй.

Уг нь Монгол Улсад мөрддөг авто замын стандарт гэж бий. Харин авто зам барьж буй компаниуд үүнийг ойшоодоггүй  бололтой. Мэргэжлийн хяналтын газраас саяхан нийслэлд улсын болон нийслэлийн хөрөнгөөр барьж байгаа замуудад шалгалт хийсэн. Шалгалтаар дийлэнх зам нь байх ёстой нягтралдаа хүрэхгүй байгааг байцаагчид тогтоожээ. Ер нь бол замын нягтрал нь 98 хувьд хүрсэн байх шаардлагатай байдаг аж. Гэтэл нийслэлд баригдаж буй замууд энэ хэмжээндээ хүрэхгүй байжээ. Нягтрал муу байх нь зам амархан эвдэрч, бутрахад хүргэдэг. Энгийнээр бодоод үзсэн ч таны зуурч байгаа гурил усыг нь бага хийвэл, эсвэл ихдүүлбэл ямар байхыг та нэг бодоод үзээрэй. Үүнтэй л адил.  Жил ирэх тусам нийслэлийн хүн ам нэмэгдэж үүнийхээ хэрээр автомашин хөлөглөгчид нэмэгдэж байгаа. Харин нийслэлийн зам нягтрал багатайгаас болж хурдан  эвдэрч, хугарч байгаа юм байна гэхэд болох аж.

Тэгвэл замын стандарт гэж юу байдгийг сонирхоё. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  замын улсын хяналтын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од хэлэхдээ “Монгол улсад мөрддөг стандарт гэж бий. Нийслэл болон улсын хэмжээнд баригдаж байгаа замуудыг үүний дагуу барьдаг. Зам бүр өөр өөр стандарттай. Нийт 200 гаруй стандарт байдаг. Замыг барихын өмнө зураг төсөл хийх ёстой. Зураг төсөлд зам ямар өргөн, зузаан, суурь, нягтралтай байх ёстойг тусгасан байдаг. Хот хоорондын буюу улсын чанартай замуудад долоон метрийн өргөн, таван см зузаан асфальт хучилттай, доор нь буталсан чулуу 10-20 см, үүнээс доош хөлдөлтөөс хамгаалах далангийн материал ордог. Нийслэлийн зам  олон янз. Ихэнхдээ 10 орчим см-ийн зузаантай байдаг. Үүнд зургаан см суурь асфальт, дөрвөн см өнгөт асфальт тавьдаг” гэлээ.

Нийслэлд бол замуудыг ачааллаас нь хамаарч өөр өөр хийдэг. Ачаалал багатай замд бол зузаан нь бага байх жишгээр замын ажил өрнөдөг байх нь. Улаанбаатарт зам тавихад хамгийн гол зүйл нь зураг төсөл, харин гүйцэтгэгч компани зөвхөн зураг төслийн дагуу ажлаа хийдэг гэсэн тайлбарыг өгч байсан. 

Тэгвэл замын компаниудад бараг л буруу байхгүй болж зураг төсөл батлагсад буруутай болж таарч байна. Зураг төслийг захиалагч байгууллага ийм хэмжээний, ийм даацтай зам барина гэж заасан байдаг. Үүний дагуу улсын экспертиз гэж Газрын харилцаа геодиз, зураг зүйн газраас томилогдсон баг ажиллаж, магадлал хийж батлуулдаг гэнэ. Энэ зургийн дагуу тендер зарлаж, түүний дагуу замыг барьдаг гэх. Харин үүнд нь Нийслэлийн авто зам болон Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажилладаг юм байна.  Үүнээс гадна зам чанаргүй болоход гүйцэтгэгч  компаниуд чанаргүй материалаар зам барьдаг нь бас нэг нэрмээс болдог. Материалын чанартай, чанаргүйгээс үл хамааран гүйцэтгэгч байгууллагууд хямд үнэтэй, өртөг багатай бүтээгдэхүүн хэрэглэдгийг МХЕГ-ын байцаагчид илрүүлж байсан.

Уг нь Мэргэжлийн хяналтын байцаагчид нь зам засч, барьж байгаа гүйцэтгэгч компаниудад байнга хяналт тавьж, барилгын материалд нь шинжилгээ, шалгалт хийгээд байвал энэ мэт алдаа дутагдал хаа хаанаа гармааргүй байлтай. Гэтэл МХЕГ-ын байцаагчид “Бид ажил ихтэй учраас өдөр бүр очоод шалгаад, хяналт тавих боломжгүй. Хяналт шалгалтын олон үе шат бий. Тухайн компани нь дотооддоо хяналт тавьдаг. Түүн дээр нь захиалагч байгууллага хяналт /нийслэлийн хөрөнгөөр бол Нийслэлийн авто замын газар, улсынх бол Авто замын газар гэх мэт/ тавьдаг.  МХЕГ-ын байцаагчид  явцын шалгалтыг сард, улиралд нэг хийх боломжтой. Захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн дагуу хяналт тавьдаг гэсэн. Зарим орон нутгийн замд бол жилд нэг л удаа шалгалт хийдэг" гэсэн  тайлбарыг өгч байх юм.

Зам барихдаа Авто зам, гүүр барих барилгын норм дүрмийн дагуу барьдаг гэсэн тайлбарыг нийслэлийн Авто замын газрынхан хэлдэг. Гүйцэтгэгч, захиалагч гээд олон төрлийн хяналт тавьж байхад хариуцдаг газар нь нэг иймэрхүү л хариулттай сууж байна. Наадмын дараа намар гэдэг. Нийслэлд тавигдаж байгаа шинэ зам болон засварын ажлаа хүлээж авах цаг ойртож байгаа.  Гэтэл эхнээсээ эвдэрч, хагараад эхэлснийг нуух юун. Залуучуудын өргөн чөлөө буюу МУИС-ийн өмнөх замыг хүлээлгэн өгсөнөөс хэдхэн хоногийн дараа автобусны буудлын өмнөх хэсэг нь эвдэрсэн тул дахин засах үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн байна. Энэ замын нийт урт 0,9 км. Гүйцэтгэгчээр “Өгөөмөр зам” ХХК шалгарч дөрөвдүгээр сарын 30-нд ажлаа эхэлж, тавдугаар сарын 27-нд замаа нээсэн. Хотын дарга Г.Мөнхбаяр “Цаг хугацаанд нь чанартай зам хүлээж авах” үүргийн биелэлт ийм л гарч байна. Бусад зам нь ч бас ямархуу янзтай угтахыг харж л суухаас.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж