- “Монгол Улсын гадаад харилцааны төлөв ба Монгол Улс” сэдэвт хурал өчигдөр /2016.12.01/ болсон юм. Энэ үеэр гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөлөөллийн талаар эрдэмтэн, судлаачдын саналыг сонслоо.
- Монгол Улс үндэсний эрх ашгийг дээдэлсэн нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт бие даасан гадаад бодлоготой. Энэ хүрээнд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцах, гурвалсан хөршийн бодлого, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ улс төрийн хувьд тэнцвэртэй харьцах асуудал маш чухал. Харин эдийн засгийн хувьд заавал хоёр хөршөөс хамааралтай байх шаардлагагүй гэж дэлхий нийт үздэг. Сүүлийн үед эдийн засгийн хувьд Хятад улстай илүү харьцаж байна, ОХУ-тай бага харилцаатай байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. Гэвч дэлхий нийт тэр чигтээ БНХАУ-аас эдийн засгийн хамааралтай байна. Жишээлбэл, торгоны зам барих асуудалд Хятад улс яаж оролцох вэ гэхээс илүү бид яаж оролцох вэ гэсэн өөрсдийн бодлогоо зөв тодорхойлох ёстой юм. Өнгөрсөн жилүүдэд гадаад бодлогын залгамж чанар их алдагдсан. Бид нэг дуу хоолойтой байж, нэгдмэл бодлоготой байж дэлхий дахинтай харьцахгүй бол хөрөнгө оруулалтыг татах боломжгүй юм. Тиймээс одоогийн нөхцөл байдалд эхний ээлжинд олон улсын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, гаднаас томоохон зээл тусламж авах ёстой. Ингэж байж бид хөгжих ёстой юм.
- Дэлхий ертөнцөд ямар өөрчлөлтүүд гарч байгаа, манай бүс нутагт, хөрш орнуудад ямар өөрчлөлт гарч байна гэдэгт зохицож явах ёстой, манай гадаад бодлого. Хөгжил, аюулгүй байдлаа бодож бид гадаад харилцаанд орох ёстой гэсэн үг. Өмнө нь бид гадны орнуудын санаачлагыг дагаж байсан бол одоо өөрсдөө санаачлага гаргаж, дэлхийн ертөнц аль чиглэлд явж байгааг сайн харж байж зөв бодлогоо тодорхойлох цаг болсон байна. 1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд манай хоёр хөрш том, хүчтэй гүрэн. Манай улсыг сонирхож байгаа улс орон ч гэсэн нөлөөтэй, мөнгөтэй том гүрнүүд байна. Тэгэхээр эдийн засгийн гадаад харилцаандаа зоосны нүдээр харах бус өөрийн нүдээр харж, цаашдын улс эх орны эрх ашиг, бусад улсын харилцаанд яаж нөлөөлөх вэ гэдгийг нь харж хандах ёстой гэсэн утга санаа бүхий заалт байсан. Одоо харин энэ заалт байхгүй болсон. Хэрэв бид түр зуурын мөнгө, өнөө маргаашийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд явах юм бол Өвөр Монголтой ижил хэмжээний улс болно. Тиймээс томоохон мега төслүүдээ урагшлуулахын тулд улстөрийн нөлөөлөл, алсын хараа гэх мэт том харж байж бид эдийн засгаа урт хугацаанд сайжруулах боломжтой.
- Манай улс хоёр том эдийн засгийн дунд оршдог. Энэ хоёр хөрш улсын хоорондох худалдаа 100 тэрбум ам.долларт хүрээд байгаа. 2020 он гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй гэж үзвэл транзит худалдаа хийх бодит боломж өсөх юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын айчлалын үеэр баталсан Гурван улсын эдийн засгийн коридор батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ гурван улсын эдийн засгийн коридор манай улсын хувьд их чухал. Энэ төслийн хүрээнд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэсэн байгаа. Эдгээр төслийн дийлэнх нь зам тээврийнх бөгөөд холбогчийн үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай төслүүдээ багтаасан. Эдийн засгийн коридорын хүрээнд ирэх таван жилд багтаан хэрэгжихээр яригдаж буй 32 төслийг судлах судалгааны төв эсвэл хүрээлэнг яаралтай байгуулах шаардлага байна. Жишээлбэл, “Замын-Үүдийн чөлөөт бүс” төслийг дахин шинэчлэн боловсруулж, Хятадын талын төслүүдтэйгээ уялдуулах шаардлагатай байна. Энэ мэтчилэн бид хоёр хөрштэй хийсэн гурван талт коридорын төслүүдээ судалгаатай, тооцоотой зөв бодлогоор явуулж чадвал бусад орны харилцаа ч гэсэн аяндаа сэргэнэ гэж харж байна.
- Хятад улс Трамп, Далай лам хоёр толгой өвтгөж байна гэж хэлж байна шүү дээ. Далай ламын айлчлалаас болж урд хөршөөс авах зээл тусламж хойшилж байна. Энэ нь манай улсын эдийн засагт нөлөөлөөд эхлэх жишээтэй. Одоо бид хагас жилийн хугацаанд БНХАУ-тай харилцаагаа сэргээж чадахгүй. Ийм нөхцөл байдал үүсчихсэн байна. Өнгөрсөн хугацаанд аль ч нам гарч ирсэн зөв бодлогогүй явж ирсний гай өнөөгийн нөхцөл байдалд хүргэж байгаа. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэх зүйл алга, урт хугацааны бодлого, төлөвлөлт алга. Ийм байхад бид гадаад, дотоод харилцааны асуудал ярихаас илүүтэйгээр урт хугацааны бодлоготой болох нь чухал. Хамгийн багадаа таван жилийн бодлого боловсруулдаг, төлөвлөдөг байх хэрэгтэй. Парламентийн засаглалыг ч таван жил болгох хэрэгтэй. Тэгж байж бид гадаад харилцаагаа сайжруулах, өргөжүүлэх асуудлаа ярих хэрэгтэй. Гадаад харилцаагаа өргөжүүлэхийн тулд гуравдагч орны харилцааг идэвхижүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгэхгүй бол хоёр том хөршийнхөө аманд орчихоод хямраад сууж байж болохгүй.
Ш.ЧИМЭГ