Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр баяраа тэмдэглэхгүй байхыг үүрэгджээ. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхааруулсан байна.
Энэ бол төрийн байгууллагынхны хувьд шинэ сонин биш. 2014, 2015 онд ч Засгийн газраас төсвийн мөнгөөр баяраа тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргаж байсан. Гэвч, Засгийн газрын шийдвэрийг төсвийн захиран зарцуулагчид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг. Хаана хамгийн тансаг, хамгийн үнэтэй бар, ресторан, амралт байна тэнд л төрийнхөн баяраа тэмдэглэдэг. Бүр хотын ойролцоох тансаг зэрэглэлийн амралтын газруудад төрийн байгууллагууд шинэ жилээ нууцхан тэмдэглэдэг болсон гэнэ лээ. Түүнийгээ төсвийн мөнгөөр биш, өөрсдийнхөө мөнгөөр тансаглаж болно биз дээ гээд ам таглах нь энүүхэнд. Цалинг нь хасахаар хэтэвчээ нимгэнийг гайхдаг төрийнхөн баяр ёслолоор баян, тарганаа гайхуулах нь бараг хэвийн үзэгдэл болжээ.
Ялангуяа арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг МАН-ын “Алтан сарнай”-г ярих ч юм биш. Зочдынх нь ганган, ширээнийх нь тансаг гэж жигтэйхэн. Гял, цал, гоё ганган зочидтой МАН-ын шинэ жилийг телевизээр харсан хүмүүс ямар сайндаа л “Амьд явбал Алтансарнайд орно" гэж шоглодог болсон гэнэ лээ. Тэгэхээр тэр “Алтан сарнай”-гаа л төсвийн мөнгөөр битгий тэмдэглээрэй, эрх баригчид минь. Түүнээс баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, бидэнд хамаагүй л дээ. УИХ-ын сонгуулиар олонх болсны хувьд шинэ жил тэмдэглэх төсвийг нам нь гишүүдээсээ нэхээд, гишүүд нь улсын төсвөөс өгчих вий гэсэн хардлага нийгэмд байна.
Эдийн засаг хямарч, төсвийн алдагдал одоогоор 2.6 их наядад хүрээд байна. Тиймээс дээр дооргүй бүсээ чангалах шаардлагатай болж байна. МАН-ын дарга М.Энхболд хэдхэн хоногийн өмнө үндэсний хэмжээний хэмнэлтийг бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Улс, үндсээрээ хэмнэлтийн горимд шилжинэ гэдэг нэг талаасаа эдийн засаг тун хүнд байгаагийн шинж, нөгөө талаасаа хаана, хаана төсвийн сахилга баттай байхын нэр байх. Гэвч, төсвийн захиран зарцуулагчдаасаа, ирэх оны төсвөөсөө энэ хэмнэлтээ эхэлсэн бол шүү дээ. Хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан эрх баригчид өөрсдийнхөө зардлыг өсгөчихөөд иргэдээ хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа нь үүрэхийг нь та нар янцаглахыг нь бид гэсэнтэй л яг адилхан сонсогдож байна.
УИХ-аас 2017 оны төсвийг батлахдаа, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг зургаан их наяд 160 тэрбум, зардлаа найман их наяд, 500 тэрбум, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдлыг хоёр их наяд 400 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай байхаар тооцсон. Гэтэл олох орлогынхоо гуравны нэгтэй тэнцсэн алдагдлаа эрх баригчид хаанаас нөхөх вэ гэхээр өр зээл тавина гэсэн үг. Төсвийн алдагдал нь ийм өндөр байгаа тохиолдолд бодлогын хүүг бууруулах аргагүй. Бодлогын хүүг бууруулахгүй гэвэл зээлийн олдоц буурна. Зээлийн олдоц буурахаар ажилгүйдэл нэмэгдэнэ.
Уг нь төсвийн алдагдлаа бууруулсан бол монголчууд өнөөдөр Үндэсний хэмжээний хэмнэлтийн горимд шилжлээ гэхэд буруудахгүй юмгүй. Гэвч, эрх баригчдын зарцуулах зардал нь орлогоосоо 2.4 их наядаар давсан тохиолдолд бүгдээрээ хэмнэлтийг горимд шилжинэ гэдэг тэд янцаглаж, бид үүрнэ гэсэн үг. Ачааны хүндийг үүрнэ гэсэн МАН-ын амлалт хаана байна вэ?
Ж.ЭРХЭС