Чуулганы хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн О.Батнасангийн “Хил хамгаалах байгууллага ОХУ, БНХАУ-ын хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Хил зөрчигчийг хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ. Мөн энэ хуулийг баталснаар хилийн хамгаалалттай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ” гэсэн асуултад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Монгол улс хөрш орнуудтай хиллэж байгаа боомтууд дээр бүх асуудлыг хэлэлцдэг. Олон улсын гэрээний дагуу хил зөрчлийн асуудлыг шийдээд явж байгаа. Цаашид ч гэрээний дагуу шийднэ. Улсын хил хамгаалалтад техник, технологийн дэвшилтэт байдал хэрэгтэй байгаа. Үүнийг хуулиар зохицуулахаар тусгасан” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хил хамгаалах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэй болох, техник технологио шинэчлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр хуульд тусгасан бэ. Мөн хилийн тагнуулын үйл ажиллагааг хуульд хэрхэн тусгасан бэ” гэсэн асуулт тавив.
Асуултад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Хил хамгаалах байгууллагын боловсон хүчнийг бид дотооддоо ч, ОХУ-д ч бэлтгэдэг. Хилийн тагнуулын үйл ажиллагаа Хилийн тухай хуулиар зохицуулагддаггүй” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Одоогийн энэ хуулийн 70 хувь нь 1994 оны хуулиас хуулбарласан байдалтай байна. Энэ хуульд маш няхуур хандах ёстой. Хилийн хүчийг сулруулах гэсэн бодлоготой хууль болж байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.
УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авсны дараа Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнийг дагалдах хуулиудыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи буюу 90 хувь үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш 15.00 цагт эхлэх чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
Ш.ЧИМЭГ