Норвеги терроризм гэж хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Норвеги терроризм гэж хүлээн зөвшөөрөв

Долдугаар сарын 22-ны баасан гаригт Норвегийн Осло хотын Засгийн газрын ойролцоо дэлбэрэлт гарав. Хэвлэл мэдээллийнхэн болон хотын захиргаа болсон хэргийг тодруулж байх хооронд гэрч нар блогуудад “Норвегийн есдүгээр сарын 11” хэмээн бичиж эхэллээ. Хэсэг хугацааны дараа амь үрэгдэгсдийн эхний мэдээ гарч эхлэв. Гэхдээ хоёр цагийн дараа нийслэл дэх дэлбэрэлт нь эхлэл байсан нь тодорхой боллоо.

Цагдаагийнхан Ослогийн Зас­гийн газрын дүүрэгт юу болсныг  бүрэн тогтоож чадаагүй байдал агентлагууд зэвсэглэсэн эрэгтэй хүн Утойя арлын залуучуудын лагерьт халдлаа, хохирогчид байгаа гээд шинэ хэрэг явдлын талаар мэдээлж эхлэв. Энэ хоёр аллагын улмаас долоон хүн нийслэлд, залуусын лагерьт 84 хүн нийт 91 хүн амь үрэгдлээ. Эрх баригчид хоёр халдлагыг нэг хүн үйлдсэн гэж сэжиглэж байна.

Норвегийн нийслэлд хэрэг явдал хэрхэн  өрнөсөн талаар бүрэн гүйцэд мэдээ гараагүй байна. Ерөн­хий сайд Йенс Столтенбергийн албан контор байдаг 17 давхар байшингийн ойролцоо хэд хэдэн бөмбөг дэлбэрчээ. Засгийн тэргүүн дэлбэрэлтэд өртсөн гэх мэдээлэл эхлээд гарсан ч удалгүй үгүйсгэгдсэн байна. Орой нь Столтенберг сэт­гүүлч­дийн өмнө гарч цуврал хэвлэлийн бага хурлынхаа эхнийхийг хийсэн байлаа. Дэлбэрэлтэд ойр орчмынх нь хэд хэдэн байр байшин нэрвэгдсэн байна. Дэлбэрэлтийн долгион Verdens Gang сонины газ­раас холгүй байсан Нефтийн аж үйлдвэрийн яамны бай­шингийн цонхыг хагаласан байв. Тэсрэх төхөөрөмж редакцийн бай­ранд гарсан гэж мэдээлсэн нь батлагдсангүй.

Амралтын улирал эхэлсэн байс­наас харьцангүй цөөн тооны хүн нийслэлд үрэгдсэн байв. Төрийн албан хаагчдын олон ажилтнууд амралттай байсан гэнэ. Гэсэн ч амь үрэгдсэн долоон хүний дотор Засгийн газрын хэдэн гишүүд байна. Энэ тухай Столтенберг бямба гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Үүний зэрэгцээ 15 хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Тэднийг Ослогийн их сургуулийн эмнэлэгт хүргэн авчирчээ.

Баасан гаригт Норвегийн цаг­даагийн газар болсон хэрэг явдлыг террорист ажиллагаа гэж үзлээ. Дэл­бэрэлтийн яг өмнө нь Засгийн газ­рын районд ихээхэн хурдтай ма­шин явж байсныг эрх баригчид бат­лан хэлэв. Тэсрэх төхөөрөмжтэй ма­­шин байсан байж болох юм. Яг ийм хувилбарыг хэвлэл мэдээлэл гаргасан боловч тэр нь батлагдаагүй байна.

Хоёр дахь халдлага нь нийслэлд гарсан дэлбэрэлтээс хоёр цаг гаруйн дараа болжээ. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн эрэгтэй Тирифьорд  нуурын Утойя арлын Норвегийн ажилчны намын залуусын лагерьт амарч байсан хүмүүсийг  буудсан бай­на. Эхлээд тэр 20-иод хүнийг хө­нөө­сөн гэж мэдээлж байсан ч хо­хирогчдын тоо хамаагүй их бай­лаа. Гэрч нарын яриагаар Ослогийн хэ­рэг явдлын талаар ярилцаад оройн хоо­лондоо өсвөрийн үеийнхэн оро­хоор цугларсан үеэр алуурчин тэнд гарч ирсэн байна. Гэмт хэрэгтэн паромаар аралд иржээ. Тэр эрэгт амарч байсан хэдэн залуусыг цуглуулаад дараа нь тэднийг бууджээ.

Лагерьт юу болж байгааг ойлгосон залуус байшингийн цон­хоор харайн усанд орж амь гарахаар оролдсон байна. Тэнд амь үрэгдсэн 84 хүний хэд нь алуурчны сумнаас, хэд нь нууранд живсэн нь тогтоогдож амжаагүй байна. Бямба гаригийн өглөөгүүр цагдаагийнхан арлын эрэг орчмыг самнан хохирогчдыг хайж байлаа. Цаг алдалгүй нуугдан алуурчинг цагдаа нар барих хүртэл тэвчээртэй байсан нь амь гарчээ. Алуурчин ямар зэвсэгтэй бай­сан нь бас тодорхой биш байна.Орон нутгийн хэвлэлд түүнд хэд хэдэн төрлийн буу байсан гэв.  Verdens Gang сонины мэдээгэр гэмт хэрэгтний нэр дээр “Глок” гар буу, винтов ба шувууны буу бүртгэлтэй байсан гэнэ. Мөн арал дээр тэсрэх төхөөрөмжтэй машин олдсон ч азаар тэр нь ажиллаагүй байжээ.

Энэ хэрэгт ганцхан хүнийг барьжээ. Хэвлэл мэдээллийнхэн шууд л түүнийг Норвегийн иргэн 32 настай Андерс Беринг Брейвик (Anders Behring Breivik) гэж нэрлэв. Цагдаагийнхан түүнийг хоёр алла­гатай холбоотой гэж сэжиглэж байна. Норвегийн орчин үеийн түүхийн энэ эмгэнэлт явдлын буруутан гэгдэх этгээдийн талаар гоц гойд мэдээлэл байхгүй. Facebook-т түүний хувийн хуудас нээлттэй байсан боловч энэ хэргийн дараа түүнийг сүлжээний удирдлага хаажээ. Харин гэмт хэрэгтэн бямба гаригт англи хэл дээрх Википедид бичигдсэн байв. Андерс Беринг Брейвик хэт барууны үзэлтэн бөгөөд олон нийтийн сүлжээгээр исламын эсрэг мэдэгдэл хийдэг байсан тухай мэдээлжээ. Сэжигтэн Twitter-т микроблогтой  ба тэнд Английн гүн ухаантан Жон Стюарт Миллийн “Үзэл бодолтой ганц хүн зөвхөн сонирхолтой зуун мянган хүний үнэтэй” гэсэн ганцхан ишлэл тавигджээ.

Мөрдөн байцаалт Брейвикийг Засгийн газрын байрны дэргэд бөм­бөгөө дэлбэлээд дараа нь Утойе арал руу явсан гэж үзэж байна. Хэвлэлийн мэдээгээр тэр хурд хэтрүүлсэн гэх торгуулийг тооцохгүй бол хэв журам зөрчсөн тохиолдол түүнд байхгүй гэнэ. Хууль хяналтынхан түүнийг үндсэрхэг үзэлтэн гэж  тогтоосон байна. Гэмт хэрэгтний танил  Gang Verdens хэвлэлд ярихдаа тэр 25 орчим насандаа үндсэрхэг үзэлтэн болсон гэв. Үндсэрхэг санаагаа тэрээр янз бүрийн сайтуудын мар­гаанд оролцон илэрхийлж бай­сан гэнэ. ”Янз бүрийн соёлтой хүмүүс зэрэгцэн амьдрах санааг тэр эсэргүүцдэг” гэж танил нь ярьсан байв. Түүний танилууд Брейвикийг “христийн суурь үзэлтэн” гэж дүгнэжээ. Тэр ногоо тарьдаг байсан ба тавдугаар сард зургаан тонн бордоо худалдан авсан гэж Felleskjoepet Agri компанийн наймаачин  Одни Эстенстад ярив. Жижиг аж ахуйн ердийн жижиг захиалга хэмээн тэр тодрууллаа. Харин сэтгүүлчид түүний энэ үйлдлийг бордоогооор халхавч хийн хожим түүгээр тэсрэх төхөөрөмж бэлтгэсэн байж магадгүй гэж бичиж байна. Түүнийг баривчилсны дараа цагдаагийнхан фермд нь нэгжлэг хийсэн  гэнэ. Тэнд тэсрэх бодис бэлтгэх лаборатори маягийн зүйл олдсон эсэх нь тодорхойгүй байна.

Долдугаар сарын 22-ны үйл явдал Европт 2004 оноос хойш хамгийн том аллага болов. Тэр үеэр Мадридад цуврал дэлбэрэлт гарч 200 орчим хүнийг хөнөөсөн билээ. Утойегийн халдлага ийм маягийн гэмт хэрэг дотроо хамгийн том нь болов. Скандинавын бусад хөршүүдийнхээ хамт дэлхийн хамгийн тайван бүс гэгдэх Норвегийн оршин суугчдад энэ хэрэг хүнд сэтгэгдэл үлдээлээ.

Цагдаагийн газрын эх сурвалжаар Осло дахь дэлбэрэлт, Утойе дахь бууд­лага нь тус орны ерөнхий сайд Йенс Столтенбергийн амь насанд хал­дах оролдлого гэж тооцож байгаа ажээ. Ослод гарсан дэлбэрэлтийн да­раа ерөнхий сайд зөвхөн утсаар ярилц­лага өгч байв. Цагдаа түүнийг ол­ны нүдэнд харагдаад хэрэггүй гэж зөвлөжээ. Тэрээр бямба гаригт яарал­тай хэвлэлийн хурал хийлгэсэн байна. “Энэ бол энгийн ухамсраас хэ­тэрсэн аймшигт хэрэг. Ийм эм­гэнэлтэй Норвеги дэлхийн II дайнаас хойш таараагүй” гэж Йенс Столтенберг бямба гаригт мэдэгдлээ. “Та нар биднийг сүйтгэн бусниулж чадахгүй. Та нар манай ардчилал, шүтээнийг эвдэлж чадахгүй” гэж тэр хэлэхдээ аюулын төвшинг нэмэгдүүлэх шалтгааныг олж харах­гүй байна гэлээ. Гэсэн ч бямба гаригт Норвегийн эрх баригчид Шенгений бүс орнуудтай хилийн хяналтаа сэргээхээр шийдсэн юм.

Норвегийн NRK телевизээр “Даяарчлалын жихадын талынхан” гэх исламын бүлэглэлийнхэн гэх үл мэдэгдэх бүлгийнхэн өөрсдийн сайт дээр эдгээр аллагыг их зөнч Мухаммедыг шоглон зурсны хариу гэж мэдээлсэн байв. Гэвч норвеги ястан баривчлагдсаны дараа энэ аллагад исламын ул мөр байгаа гэдэгт хэн ч итгэхгүй  болжээ. Андерс Беринг Брейвикт терро­ризм хийсэн гэх ялыг танилцуулсан гэнэ. Цагдаагийнхан түүний хамсаатан байж болох хүнийг хайж байна. Утойе аралд халдлагад өртсөн гэрч нар, бас нэг бууч байсныг хэлж байгаа юм.

32 настай Андерс Беринг Брейвикт  Норвегийн эрүүгийн хуу­лийн 147 дугаар зүйл ангиар ял өгч байна. Террорист ажиллагаа гэх тэр зүйл ангиар Брейвик 21 жилийн хорих ял эдлэх гэнэ.

Бямба гаригт  Утойе аралд V Харальд ван хатан хаан Соня хоёр очсон байлаа. Амьд гараад одоо сэтгэл зүйн тусламж авч буй залуус байгаа буудалд хаантны гэр бүл очиж эргэжээ. Тэнд хүүхдүүдийн эцэг эх ирсэн байгаа. Хааны гэр бүл ирэхийн өмнө цагдаа нар хутгатай нэгэн залууг барьсан байна. Тэр бие хамгаалах зорилгоор хутгатай явснаа хэлжээ. Цагдаа нар түүний зүгээс аюул гэхээр зүйлгүй гэж үзэж байгаа бололтой.

Алан хядагчид шархадсан хүмүүсийг гүйцээн хөнөөж байсан гэж
гэрч нар ярьж байна

Залуусын лагерьт буудлага хийсэн террористууд хоёулаа байсан. Тэд яарч байсан ч шархдагсдыг гүйцээн алж байсан хэмээн Утойе аралд байсан гэрч нар Норвегийн хэвлэлд ярьжээ.

Мариус Росет, Матс Кристиансен ба Йостейн Хелсингенг гурав террорист довтолгооны үеэр амь гарч чадсан байна. Росет өөр гурван хүүхдийн хамт ойд зугтан нуугдсан байв. Тэд салсан ба Росет хадан дор нуугджээ.

“Тэр анх тааралдсан охиныг шууд буудсан” гэж тэр VG сонинд ярьсан байна. Удалгүй түүний нуугдсан газар бусад хүүхдүүд ирсэн гэнэ. 45 минутын дараа хэн нэгэн нь нуурыг сэлэн гаталж аврагдах санал гаргажээ.

“Би сэлж чаддаггүй. Хувцас хүнд нойтон. Тиймээс би аралд буцан ирээд агуй олж бусдын хамт нуугдсан. Тэр хажууханд зогсоод ус руу чулуу шидлэн биднийг гаргахаар оролдож байсан” гэж Росет ярьжээ. Удалгүй хоёр загасчин ирээд буучийг барьсан гэж хүүхдүүдэд сонсгожээ.

Гэрч нар түүнийг ганцаараа байсан гэхгүй байна. “Хоёр газраас зэрэг буудаж байсан” гэж Росет  өгүүлж байна. Цагдаагийнхан цаг­даагийн хувцастай  Андерс Беринг Бревикийг барьсан юм. Гэтэл хүүхдүүд цагдаагийн хувцасгүй өөр нэг бууч байсан гэж хэлж байна. Андресийн хамсаатан нь 180 см орчим өндөртэй, өтгөн хар үстэй, жинхэнэ норвеги хүн гэнэ. Тэр гартаа гар буу бариад өөр буу үүрсэн байлаа гэж хүүхдүүд ярьжээ.

“Би эргээд л гүйсэн. Тэд хүмүү­сийг хэрхэн буудаж байгааг би харсан. Бид дууслаа л гэж бодоцгоож байв. Олон хүн гэр лүүгээ утасдан салах ёс хийж байлаа” гэж Александр Ставдал ярьсан байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй 16 нас­тай охин гэрч нарын нэг бөгөөд гэмт хэрэгтэн буудсаныхаа дараа хохирогч нь амьд байна уу гэж харж байсан хэмээн ярив. “Би дээшээ хараад унасан хүүхдийг харсан. Тэр яраглан уйлж байв. Нөгөөдүүл дөхөж очоод түүнийг дахин буудсан” хэмээн тэр охин өгүүлэв.

Матс Кристиансен алан хядагчид яарч байсныг хэллээ. Тэр буун дуу сонсоод шүршүүрийн өрөөнд бусдын хамт нуугдан үүдээ дарсан гэнэ. Дээрэмчид тэдний нуугдсан газраас хагас метрийн зайтай өнгөрсөн байлаа. “Түүнд цаг байхгүй юм шиг л загнасан. Чангаар хашгирч дүв­чигнэж байлаа. Энэ хоёр цаг миний амьдралын хамгийн аймшигтай үе. Дараа нь цагдаа нар ирэхэд жинхэнэ үү, биш үү гэх эргэлзээ зовоож байсан” хэмээн тэр өгүүлжээ.

Г.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж