Г.Занданшатар: Хүн томилохын тулд хууль өөрчилж болохгүй

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Хүн томилохын тулд хууль өөрчилж болохгүй

УИХ-ын чуулганаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар баталлаа.

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Гэтэл  Боловсролын тухай хуульд “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувьд төрийн төлөөлөл байна” гэж заасан. Эдгээр хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа тул Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт хийж байгаа. Өөрчлөлт нь зөвхөн захирлын томилгооны асуудал болчих вий гэж эмзэглэж байна. Хоёрдугаарт, дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага тулгарсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээд тулгуурласан, олон улсын шалгуурт нийцсэн мэргэжилтэн бэлгэх хэрэгтэй. Гэтэл одоо дөрвөн төгсөгчийн дунд хоёр ажлын байр байна. Цаашид их дээд сургуулийг хөгжүүлэх, жинхэнэ мэргэжлийн захирал томилдог мерит тогтолцоо бий болгох ёстой. Энэ хуулийн төслөөр захирлын томилгоог хийх биш, их дээд сургуулийн шинэчлэлд анхаарах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал ойлгомжгүй байна. Энэ хуулийн төсөлд ТУЗ-ыг Засгийн газрыг гишүүн томилдог, төрийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэх гэсэн “хэл амны” хууль оруулж ирлээ. Уг нь боловсролын хуульд боловсролын салбарын асуудлыг тусгасан хууль баймаар. Удирдах зөвлөл нь хэнээс ч хараат бус байж ажлаа хиймээр. Гэтэл хүн томилохын тулд хууль өөрчлөх гэж байна. Би дэмжихгүй.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэн тул Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж