Колумбийн Меделин хотод Бразилийн хөлбөмбөгийн багийг тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоц мягмар гаригт /2016.11.30/ осолдсон билээ. Нийт 77 хүн зорчиж явснаас 6 хүн амьд үлдэж, бусад нь амь үрэгдсэн юм.
Амьд үлдсэн зургаан хүний хоёрынх нь биеийн байдал харьцангуй сайжирч байгаа бол дөрвийнх нь эрүүл мэнд эрсдэлтэй байгаа учир эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Эрвин Тумири: Намайг аюулгүй ажиллагааны дүрэм аварсан
Амьд үлдсэн зургаан хүний нэг болох Болив улсын нислэгийн техникч Эрвин Тумири “Онгоц осолдох үед аюулгүйн зааварчилгааг дагасан нь түүнийг амьд үлдэхэд тусалсан” гэжээ. Тэрбээр хэлэхдээ,“Ихэнх зорчигчид нөхцөл байдал хүндэрсэн үед суудлаасаа босч, хашгирч эхэлсэн. Би зааварчилгааны дагуу цүнхээ хоёр хөлнийхөө завсар хийж, аюулгүй байрлалаар суусан” гэсэн байв.
Саймена Суарез: Онгоц осолдохоосоо өмнө харанхуй болсон
Болив гаралтай, онгоцны үйлчлэгч Саймена Суарез хэлэхдээ, “Онгоц осолдохоос өмнө бүх гэрэл унтарчихсан, хав харанхуй болсон. Сандрахаасаа илүү нислэгийн үеийн зөвлөмжийг дагахыг хичээсэн” гэжээ. Түүнийг онгоц осолдсоноос хойш хоёр цагийн дараа аварсан байна. Саймена Суарез хоёр хөлөндөө бэртэл авсан байна.
Алан Русчел: Миний сүйн бөгж намайг аварсан
Эмч нарын хэлж буйгаар “Шапекоэнсе” багийн хамгаалагч, 27 настай Алан Рушель нурууны хагалгаанд орсон бөгөөд одоо түүний амь насанд халтай, тахир дутуу болох эрсдэл холдсон байна. Алан аврагдахдаа ухаан санааны хувьд ч саруул байжээ. Тэрбээр аврагч нараас хамгийн түрүүнд сүйн бөгжийг нь авчирч өгөхийг хүссэн гэнэ.
Түүний сүйт бүсгүй Марина Строчигийн Бразилийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад, Алан нисэхийнхээ өмнө хэсэг хугацаанд паспортоо хайсан бөгөөд энэ үед нь Марина түүнийг Колумб руу битгий яваасай гэж бодож байжээ.
Жаксон Рагнар Фоллмэн нэг хөлөө тайруулжээ
“Шапекоэнсе” багийн хаалгач, 21 настай Жаксон Фоллман ослын дараа нэг хөлөө тайруулжээ. Эмч нарын дүгнэлтээс харахад түүний нөгөө хөлийг ч тайрч магадгүй байгаа аж.
Түүний аав Паулог “Онгоцны ослоос амьд гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Миний хүү амьд үлдсэн нь бурхны ид шид” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Хамгийн сүүлд аврагдсан зорчигч
31 настай, довтлогч Хэлио Хэрмито Зампиэр гавал, цээжний яс, уушгиндаа ноцтой гэмтэл авсан тул биеийн байдал нь бусдаасаа тааруу байгаа ажээ. Түүнийг аврагчид хамгийн сүүлд олсон юм.
Рафаэль Хэнз: Эхнэр рүү минь утсаар ярьж өгөөч
Рафаэль Хэнз бол Өмнөд Америкийн Аваргуудын лигийг сурвалжлахаар явж байсан спортын сэтгүүлч юм. Түүнтэй хамт ажилладаг хүмүүсийн Бразилийн хэвлэлд мэдээлснээр 43 настай Рафаэль эмнэлгийн ажилчдаас эхнэр рүү нь утсаар ярьж, түүнийг амьд байгааг мэдэгдэж өгөхийг гуйжээ. Түүний хэд хэдэн хавирга хугарч, уушигны зарим хэсэг бяцарсан байна.
Эх сурвалж: BBC
Г.АНУДАРЬ