Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн явцад хилийн цэргийг хилийн цагдаа болгоно гэсэн яриа олны анхаарлыг татаад байгаа. Уг хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
-Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хилийн цэргийг хилийн цагдаа болгож, ач холбогдлыг нь улам бууруулах гэж байна, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэстэй нийцээгүй байна” гэж шүүмжилсэн. Ийм зохицуулалт хуулийн төсөлд байгаа юм уу?
-Юуны өмнө бид хуулийн төсөл боловсруулахдаа хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актын уялдаа холбоог хангаж, судалгаа, баримтад тулгуурлаж хийдэг гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Дэлхийн улс орнуудын хил хамгаалах байгууллагын тогтолцоог судалж үзэхэд хилийн цагдаа, холбооны аюулгүй байдлын алба, хилийн алба, хилийн харуул, эргийн харуул, хилийн цэрэг зэргээр өөрийн улсынхаа онцлогт тохируулан улсынхаа хилийг хамгаалдаг. Бидний боловсруулсан хуулийн төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох, тогтолцоог өөрчлөх талаар нэг ч үг, үсэг байхгүйг хариуцлагтайгаар хэлмээр байна. Харин ч Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2015 онд батлагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэст заасан зорилго, зарчим, чиглэл, саяхан буюу 2016 онд батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудтай нийцэж байгаа. Хил хамгаалахбайгууллага бол дайны байдлын үед холбогдох хуулиар зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг, харин тайван байдлын үед бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүтэц, чиг үүргийг хуулиар тогтоодог.
-“Хилийн бүс гэсэн ойлголтыг байхгүй болголоо” гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуулиар хилийн бүсийн өргөнийг 100 хүртэлх километрээр тогтоож, хил хамгаалах байгууллагаас аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа. Энэ зохицуулалт зарим талаар байгууллага, иргэдэд хүндрэл учруулж байна гэсэн асуудал байнга гардаг мөн ингэж хилийн бүсийг тогтоох нь улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд хилийн бүс, түүнд мөрдөх журмыг тусгайлан тогтоогоогүй. Хилийн бүсийг байхгүй болгосноор улсын хил хамгаалалтад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Шаардлагатай тохиолдолд хилийн эрэл, операци, тусгай ажиллагааг хил орчмын нутаг дэвсгэр, түүнээс гүнд явуулах боломжтой.
-Хяналт шалгалтын зарим чиг үүргийг Хил хамгаалах байгууллагад шилжүүлж байгаа. Иргэдэд төвөг удсан, давхардсан хяналт шалгалт нэмэгдчих юм биш биз дээ?
-2014 онд Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээс хойшхи хугацаанд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчил, дутагдлууд нэлээдгүй гарч байгаа нь хилийн болон хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал бий болж байна.Зарим хүмүүс энэ талаар буруу ойлголттой яваад байгааг залруулах ёстой. Зүгээр хэрэгжиж байгаа зүйлийг шилжүүлэх гээд байгаа асуудал огт байхгүй. Тодорхой шалтгаан нөхцөл, судалгаа, тоо баримтын үндсэн дээр энэ чиг үүргийг буцааж хил хамгаалах байгууллагад шилжүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн.Хууль батлагдвал хил залгаа улсуудтай хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээг, хэлэлцээрийг Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан ижил түвшинд, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Нөгөөтэйгүүр чиг үүрэг шилжсэнээр хяналт шалгалт давхардах нөхцөл байдал үүсэхгүй.
-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?
-Хуулийн төсөл батлагдсанаар олон эерэг үр дүн гарна гэж тооцоолсон. Тухайлбал, улсын хил хамгаалах байгууллагаас хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хил дээр гарсан аливаа асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн боомт, түүнд мөрдөх журмыг хэрэгжүүлэх, боомтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцаа тодорхой болно. Улсын хил хамгаалах, хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулах үүрэг гүйцэтгэж буй хилчин тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэлийг хуульчилж өгсөнөөр хилчид, иргэд болзошгүй эрсдлээс хамгаалагдана.Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах, урамшуулах, тэдгээрийг эрх зүйн байдал тодорхой болж хуульчлагдана.
-Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэмэлт төсөв санхүү шаардагдах уу?
-Хуулийн төсөл батлагдсантай холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй.
Ш.ЧИМЭГ