Кубийн ерөнхийлөгч асан, Коммунист хөдөлгөөний удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгссөн талаар тус улсын засгийн газрын телевиз өнөөдөр/2016.11.26/ мэдээллээ.
Тэрээр 2008 онд өөрийн дүү болох Раул Кастрод засгийн эрхийг шилжүүлэхээсээ өмнө тус улсыг нэг намын засаглалаар хагас зууны турш удирдсан юм. Түүнийг дэмжигчид нь Фидель Кастрог Кубийн ард иргэдэд эх орныг нь буцаан өгсөн гэж үздэг бол эсэргүүцэгчид нь сөрөг хүчнийг хорьж, дарангуйлдаг хэмээн буруутгадаг байсан аж. Тэрээр барууны ардчилсан үзлийг эсрэг байр суурьтай нэгэн байсан бөгөөд тавин жилийн турш АНУ-ын таван ерөнхийлөгчийг үл тоомсорлож байсан гэдэг.
Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Кубийн Коммунист намын хурлаар олны өмнө үг хэлсэн байна. Фидель Кастро маш хожуу Кубийн ард иргэдээр хүлээн зөвшөөрөгдсөн боловч коммунист үзэл санаа нь өнөөг хүртэл хүчирхэг байдаг аж.
Г.Анударь
Эх сурвалж: BBC