Б.Мишээл: Би хошин урлагт орохгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.25-нд нийтлэгдсэн

Б.Мишээл: Би хошин урлагт орохгүй

“Дэлхийд дурласан сар”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна Никитон хамтлагийн “Үүлэн үст”, Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн “Миний тэнгэрт чи” дууны клипэнд тоглосон залуу жүжигчин Б.Мишээлтэй ярилцлаа.

Тэрбээр үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа бөгөөд саяхан нээлтээ хийсэн “Рэкет” уран сайхны кинонд зальжин охин Хулангийн дүрд тун чадварлаг тогложээ. Ингээд эгэл даруухан, үзэсгэлэнтэй Б.Мишээлтэй ярилцснаа хүргэж байна.


-Хамгийн сүүлд “Рэкет” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Энэ кинонд тоглосон Хулангийн дүрийнхээ талаар яриагаа эхлэх үү?

-Би энэ кинонд муу найзын дүрийг бүтээсэн. Хэдий тийм ч ямар ч үед найзуудаа хаядаггүй, үргэлж дэргэд нь байдаг. Гэхдээ өөрийгөө асуудлаас цэвэрхэн авч үлддэг, зальжин, сэргэлэн охины дүр байгаа. Миний өмнө нь тоглож байсан дүрүүдээс тэс өөр. Намайг эрс тэс эвдэж чадсан дүр болсон. Гол дүрд таван өөр зан араншин, гаднах төрхөөрөө ч гэсэн өөр.

-Өөрийн чинь хувьд ээж болоод уран бүтээлийн ажлаа хэсэг завсарласан байсан. Уран бүтээлийн ажилдаа эргэн ороход ямар байна вэ. Ээж болсон баяр мөчөөсөө хуваалцаач?

-Би ээж болоод удаагүй байгаа. Манай хүүхэд одоо найман сартай. Хүүхдээ таван сартай байхад нь “Рэкет” уран сайхны киноны зураг авалтад орсон. Ээж болсноосоо хойш гэр бүлээ, уран бүтээлийн цагаа зөв зохицуулах хэрэгтэй болсон. Миний хувьд залуу уран бүтээлч хүнийхээ хувьд уран бүтээлээ орхихгүй. Энэ удаагийн уран бүтээл маань ээж болсноос хойшх анхны дэлгэцийн уран бүтээл боллоо.

-Ээж болсны дараагаар жин нэмэх асуудалтай тулгардаг. Харин өөрөө сайхан хэвээрээ байна. Нууц нь юу вэ?

-Маш их баярлалаа. /инээв/ Урлагийн хүн л юм чинь хэзээд өөртөө анхаарах хэрэгтэй. Бас кинондоо орох гээд жингээ хичээж хассан байгаа.

-Нууц биш бол хэдэн килограмм жин нэмсэн бэ?

-Мэдээж ээж болсон эмэгтэй хүн бүр жин нэмдэг шүү дээ. Миний хувьд төрөхдөө 18 кг нэмж төрсөн. Харин эргээд маш хурдан хэвийн жиндээ орж чадсан.

– Дэлгэцийн өөр уран бүтээлийн санал ирсэн үү?

-Ирсэн байгаа. Гэхдээ хүүхэд маань нярай байгаа учраас төдийлөн уран бүтээл дээр ажиллах боломжгүй байна. Тийм учраас одоохондоо амралтаа аваад гэр бүлдээ цаг заваа зарцуулж байгаа.

-“Рэкет” уран сайхны кинонд үе тэнгийн таван охин тоглосон байна. Уг кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авсан бол?

-Энэхүү уран сайхны киног жилийн өмнөөс хийхээр төлөвлөсөн байсан. Анх надад “Бондоолой фильм”-ийн захирал Ц.Золжаргал ах маань Соёл урлагийн дээд сургуулийн гуравдугаар курсад байхад тоглох санал тавьсан юм. Тэр үед би оюутан байсан учраас амжаагүй. Тэгээд “Рэкет” уран сайхны кино маань ч гэсэн тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, анхны зохиолоос бага зэрэг өөрчлөлт орсон.

Энэ кинонд хамтран тоглосон охидынхоо талаар танилцуулахгүй юу. Та нар хэр дотно найзууд вэ?

-Бид тав уран бүтээлч гэдэг үүднээс бие биенээ таньдаг байсан. Жүжигчин Жири буюу Т.Бадамжав бид хоёр нэг ангийн найзууд. Ц.Аззаяа Соёл урлагийн дээд сургуулийн хөгжимт драмын ангийн охин. Мөн Э.Урангоо, О.Цэнгэлийг тоглосон уран бүтээлээр нь мэддэг байсан. Энэ кинонд хамтран тоглосноороо бид тав маш сайхан найзууд болсон.

-Залуу уран бүтээлчдэд бүх боломж нээлттэй байна. Зарим залуу уран бүтээлчид хошин урлагт нэгдэж байна. Цаашдаа уран бүтээлийн ямар чиглэлд хүч сорих вэ?

-Ер нь би хошин урлагт орохгүй. Цаашдаа кино урлагаараа болон драмын чиглэлээр явна гэж боддог.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж