Түргэн тусламжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх туршилтыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, яаралтай түргэн тусламжийн машиныг дэлгэц, интернэтээр хангаж замд явахдаа эмнэлэгтэйгээ шууд холбох нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ одоогоор дөрвөн машинд л энэхүү туршилтыг нэг сарын хугацаанд явуулсан байна.
Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг дэгийн дагуу Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт, санал илэрхийлээгүй учраас уг төслийг нийт гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Үндсэн хуулийн цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд түүнийг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр товлов
Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томиллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс”, 51 хувийн Монголын Засгийн газар эзэмшдэг бөгөөд ТУЗ нь долоон хүнээс бүрддэг. Тус үйлдвэрийн даргаар хэнийг сонгох вэ гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд тэрхүү баярт өдөр амралтын өдөр буюу бямба гаригт тохиож байгаа.
Тиймээс Бүгд найрамдах улс тунхагласны баярын амралтыг баасан гаригт шилжүүлэх шийдвэрийг /2016.11.23/ Засгийн газрын хурлаас гаргасан. Үүнтэй холбогдуулан, энэ сарын 25-нд буюу өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Мөн бямба, нямд ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит хуралдаан хойшилсон асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад, “Монголын талаас БНХАУ-д хийх хэд хэдэн айлчлал цуцлагдсаныг Хятадын талаас өчигдөр /2016.11.23/ бидэнд танилцууллаа. Үүнд, арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалт болох ёстой байсан. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан. Гэвч цуцлагдлаа” хэмээн мэдээллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү лобби бүлэг байгуулахаар болж /2016.11.24/ УИХ-ын даргад мэдэгджээ. Энэхүү бүлэг нь найман гишүүнтэй бөгөөд Н.Энхболд, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарын гишүүн багтжээ. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг идэхтэй хийх юм байна.
Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна.