Хувийн хэвшлийн байгууллагуудад үйлдвэрчний эвлэл байгуулах асуудлыг удирдлагууд нь төдийлөн дуртай хүлээж авахгүй байна. Тийм учраас үйлдвэрчний эвлэл байгуулах талаар тухайн байгууллагын удирдлагуудад зөвөөр ойлгуулах нь чухал талаар өнөөдөр /2016.11.24/ Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны төв байранд болж буй "Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байв.
Хувийн хэвшлийн салбарын ажилчид ҮЭ-ийн талаар юу мэдэж байна вэ, эрхээ хамгаалж чадаж байна уу гэдэг талаар зарим оролцогчийн сэтгэгдлийг хүргэе.
Ажил олгогчид ажилчдынхаа НДШ-ийг төлөхгүй байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Бямбасүрэн:
-Хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засаг хүндрэлтэй гэсэн шалтгаанаар ажилчдынхаа НДШ-ийг төлөхгүй өр үүсгэж байна. Ингэснээр ажиллаж буй хүн эмнэлэгт эмчлүүлэх, банкнаас зээл авах, визэнд орох зэрэг үйлчилгээг авч чадахгүй хохирч байна. Ажил олгогчид хуулиа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
Хувийн хэвшлийн нийт 40780 гаруй аж ахуй нэгж байдаг
Хувийн хэвшлийн үйлдвэрчний ажилчны холбооны Г.Дүгэрээ:
-Энэ оны эхний байдлаар Монгол улсад нийт 40780 гаруй хувийн хэвшлийн аж ахуй нэгж бүртгэлтэй байгаа. Ер нь жил тутам 10 мянга орчим аж ахуйн нэгж алга болж, төдий хэмжээний аж ахуйн нэгж нэмэгдэж байдаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшлийнхний тоо эрс буурна. Хувийн хэвшлийн байгууллагууд төрийн халамж, хяналтнаас гадна байдаг гэвэл хилсдэхгүй. Ихэнх иргэд амьжиргаагаа залгуулахын тулд л хувиараа бизнес эрхэлж байдаг. Тэгсэн мөртлөө нийгмийн өмнө маш хүнд ачааг үүрч явдаг. Нийслэлийн хүн амын хэрэгцээний 40 хувийг хувийн хэвшил хангаж байгаа. Энэ тоо чамлалттай тоо биш гэж бодож байна. Гол үйлдвэрлэл нь хөнгөн хүнсний үйлдвэрийн чиглэл, талхан цех, гутлын үйлдвэр хотод хоёр мянга шахуу байна.
Манай аймагт 40 гаруй хүн нэгдэж үйлдвэрчний хороо байгуулсан
Хэнтий аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Оюун:
–Үйлдвэрчний эвлэлд хамрагдаагүй ажилчдыг Монголын үйлдвэрчний эвлэлд нэгтгэх асуудлаар хэлэлцэж байна. Манай аймгийн хувьд хувийн хэвшилд ажиллагсдын үйлдвэрчний байгууллага байгуулагдаад, жижиг, дунд бизнес эрхэлдэг 40 гаруй хүн нэгдээд таван жил болж байгаа. Ингэснээр тулгамдсан асуудлаа хамтарч шийдэх, аймгийнхаа удирдлагуудад асуудлаа нэгтгэж танилцуулах, төсөл хөтөлбөрт хамрагдах зэргээр хамтарч ажилладаг. Одоогоор энэ бүхэн эхлэл төдий байгаа ч шийдэх асуудал их байна. Малчдын түүхий эд үнэгүй байх, махны үнэ зөрүүг арилгах болон хашаа саравч барих ажил нь гэрээ хэлцэлгүйгээс болоод хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх зэрэг асуудал үүсдэг. Энэ бүхнийг л шийдэж, хамтарч ажиллах нь чухал юм.
А.СҮРЭН