Эрх мэдлээ уламжлуулахгүй хэмээн Назарбаев мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Эрх мэдлээ уламжлуулахгүй хэмээн Назарбаев мэдэгдлээ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаа үр хүүхдүүддээ уламжлан өвлүүлэхгүй хэмээн Bloomberg-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

"Үр хүүхэддээ албан тушаалаа өвлүүлнэ гэж би боддоггүй. Засгийн эрхийг хэрхэн залгамжлах талаар манай Үндсэн хуульд бичээтэй байгаа " гэж тэр хэсэн байна.

Гэхдээ 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Назарбаев өрсөлдөх эсэхээ тодорхой хэлсэнгүй. "2020 он хүртэл би ажиллана. 2020 онд дахин уулзая” хэмээн эдүгээ 76 настай Нурсултан Назарбаев хариулжээ. Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль таван жилийн мөчлөгтэй болдог. Нурсултан Накарбаев Казахстан улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар болсноос хойш тус улсын цорын ганц Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Казахстаны Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх, мөн өөд болох үед үлдсэн бүрэн эрхийн хугацаанд албан тушаал нь Сенат буюу парламентын даргад шилжих ёстой.

Казахстан улс энэ жил тусгаар тогтнолын 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд энэ ойг тохиолдуулан тус нийслэл Астанаг Назарбаевын нэрээр нэрлэх саналыг өчигдөр парламентын зарим гишүүн нь гаргасан.

Назарбаевын ууган охин Дарига өнгөрсөн есдүгээр сард парламентын Гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын Байнгын хорооны даргаар сонгогдсон. Удаах охин Динара Кулибаева нь нөхөр Тимур Кулибаевын хамт улсдаа хоёрт орох том банкыг эзэмшдэг. Харин отгон охин Алия нь барилгын бизнес эрхэлдэг.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж