Далай ламын айлчлалтай, Улс тунхагласны баяртай, цастай, бухимдалтай нэгэн долоо хоног өндөрлөв. Өнгөрсөн долоо хоногт болсон гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Цастай, халтиргаатай бухимдал
Шинэ долоо хоногийг түгжрэл, халтиргаа, гулгаатай бухимдлаар дүүрэн эхлүүлэв. Ойрын хэдэн жилдээ хүйтэрч байгаагүйгээр хүйтэрч, цас ихээр оров. Үүнээс болж ажилдаа хоцорсон, халтирч бэртсэн гээд нийслэлчүүдийн бухимдал дүүрэн. ТҮК болон хотын удирдлагууд цасаа цэвэрлэж хүрэлцэхгүй байсан ч Хотын дарга оюутан, цэргүүдээр цас цэвэрлүүлэх шийдвэр гаргаж, аж ахуй нэгжүүдийг ч байгууллагынхаа 50 метр орчим дахь цасаа цэвэрлэхийг үүрэгдсэн. Үүний дагуу цэргүүд шөнийн турш цас цэвэрлэж, Хотын дарга ч өөрөө хүрз барьж, цас цэвэрлэв.
ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
Манай Улсад дөрөв хоногийн айлчлалаар ирсэн Далай лам иргэдтэй уулзаж, оюутан залуустай санал солилцож, X богдыг тодруулаад буцав. Түүний айлчлал үр дүнтэй, үр дүнгүй болсон гэж дүгнэх хүмүүс бий. БНХАУ-ын талаас Далай ламын айлчлалыг хүлээж авахгүй байх талаар мэдэгдэл гаргаж, улстөрийн томоохон айлчлал, уулзалтуудаа ч мөн цуцалсан. Энэ бүхэн нь зээлжих зэрэглэл буурсан, эдийн засаг нь хүндэрсэн ийм цаг үед ямар нэгэн нөлөө үзүүлэх эсэхэд шийдвэр гаргахад эрт байна. Гэвч Гадаад харилцааны сайд, Шадар сайд нарын уулзалтуудыг БНХАУ-ын талаас цуцалсан олны анхаарлыг татсан үйл явдал болсон.
“Эрдэнэт”-ийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэнг томилов
Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилох асуудлыг удаан хугацаанд хойшлуулсаны эцэст Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг томилох шийдвэр гаргав. Х.Бадамсүрэнгийн хувьд уул уурхай чиглэлийн мэргэжлийн хүн, УИХ-ын гишүүн, дэд сайд хийж байсан туршлагатай хэмээн үзэж ийнхүү томилжээ. Тэгвэл одоо МАН дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал хоосон үлдэж байна. Дэд сайд болох хүсэлтэй хүн МАН дотор олон бий. Дэд сайдад Д.Загджав, Т.Бадамжунай нарын нэрс яригдаж байна.
М.Ананд гуравдахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд Кюүшюү башёд түрүүлэх болзлоо хангалаа. Фүкүока хотноо болж буй энэ оны сүүлийн башё өнөөдөр өндөрлөх ч Какүрюү 13 даваатай боллоо. Түүний араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар 11 даваатай байгаа юм. Башё эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй тэргүүлж байсан Какүрюү М.Анандыг 11 дэх өдрийн барилдаанд озэки Кисэносато өвдөг шороодуулсан. Гэсэн хэдий ч тэрээр өчигдөр озэки Гоэйдог давснаар башёг тэргүүлэн эзэн хааны цом хүртэх болзлыг хангалаа. Монгол Улсын гавьяат тамирчин, Какүрюү М.Анандын дээд зиндаан дахь гурав дахь түрүү нь юм.
Баасан гаригт бүх нийтээр амрав
Улс тунхагласны 92 жилийн түүхт ойгоо бид тэмдэглэн өнгөрүүлэв. Энэхүү баярыг энэ жил нэхэн тэмдэглэж, бүх нийтээр амрах хуулийг шинэчилэн баталсан юм. Гэвч бүх нийтээр амрах өдөр нь бямба гаригт таарсан учраас амралтын өдөр таарсан бүх нийтийн амралтын өдрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ажлын өдөр буюу баасан гариг руу шилжүүлсэнээр ийнхүү өнгөрсөн баасан гаригт бүх нийтээр амрав. Мөн уламжлал ёсоор төрийн өндөрлөгүүд болон иргэдийн төлөөлөл Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. Мөн энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Улс тунхагласны баярын мэндчилгээндээ “улс орон даяар хэмнэлтийн бодлого явуулах, аж ахуй нэгж иргэд бүсээ чангалахыг шуудхан хэлчихэв. Харин үүнд нь зарим эдийн засагч нар иргэд, аж ахуй нэгжүүд аль хэдийнэ бүсээ чангалчихсан харин одоо төр хэрэггүй зардлаа танаж, хэмнэлтийн бодлогоо явуулах учиртайг сануулсан байв.
Ш.ЧИМЭГ