Эсгийгээр ийм гоё гутал хийж болдог гэж үү?

Хуучирсан мэдээ: 2016.11.25-нд нийтлэгдсэн

Эсгийгээр ийм гоё гутал хийж болдог гэж үү?

-Үндэсний үйлдвэрлэгчид ээ, мөнгө төгрөгийн зовлон тоочихоо болиод өөрсдийнхөө бүтээгдэхүүнд эрс шинэчлэл, ийм хувьсгал хийгээд үз дээ. Гуйгаад, хайгаад байгаа мөнгө чинь гүйгээд ороод ирнэ гэдэгт итгэлтэй байна-

Нов ногоон, цэв цэнхэр, хав хар, эсвэл улаан өнгөтэй, урт богино түрийтэй,орчин үеийн загварын дэгжин хэрнээ, хөнгөн, чанарлаг эсгий гутлаар гоёмоор л байна. Даанч манай үйлдвэрлэгчид ноосоороо эсгий хийж, эсгийгээрээ шаахай үйлдвэрлэхээс өөрийг хийж чаддаггүй.

Зах дээр хар мянгаараа зарагдаж байгаа эсгийн шаахайг гадныхан бүү хэл монголчууд ч өөрсдөө тоож авдаг болов уу. Уг нь моодлог, дэгжин, хээнцэр гутал, цүнх, малгайг эсгийгээр үйлдвэрлээд зарвал түүхий эд нь бэлэн бөгөөд хямдхан байна. Эсгийгээ боловсруулах технологи нь байна. Даанч сэтгэл алга даа гэмээр. Үндэсний үйлдвэрлэл гэхээрээ үнэтэй хэрнээ сонголтгүй, бас загвар муутай байж болохгүй биз дээ.

Гэтэл гадаадынхан яаж байна. Бидний тоохгүй байгаа эсгийгээр орчин үеийн моодлог гутал, малгай цүнх үйлдвэрлээд зарж байна.

2015 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс нийтдээ 55 сая 957 мянган толгой мал тоолуулснаас хонь 24 сая 933 мянгад хүрчээ. Хөдөө аж ахуйн статистикээс харахад Монгол Улсын ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт жилд 16-18 мянган тонн ноос бэлтгэгддэг бөгөөд үүний 4000 орчим нь бүдүүвтэр, үлдсэн 12-14 мянган нь бүдүүн ноос байдаг аж. Үйлдвэрлэгчид бүдүүвтэр ноосоор хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн, бүдүүн ноосны маш багахан хэсгийг эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ашигладаг байна.

Харин одоо бүтээгдэхүүнийхээ хэв маяг, өнгө дизайнд эрс шинэчлэл хийх цаг болжээ, монголчууд аа. Эсвэл хэн ч тоодоггүй эсгий шаахай хийгээд, үүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж “өргөмжлөөд” суух уу.

Хэрэв манай үйлдвэрлэгчид хээнцэр, дэгжин эсгий гутал хийдэг бол цаа бугын арьсан гутланд зарцуулдаг мөнгийг дотооддоо шингээх боломж байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид минь, байнга л мөнгө, хөрөнгө гэж гомдол тавиад байхаар өөрсдийнхөө хандлагаа өөрчлөх гээд үз дээ. Бүтээгдэхүүнээ сайжруул, нэр төрлийг нь олшруул. Ийм гоё эсгий гутлын төлөө эмэгтэйчүүд лав мөнгө хайрлахгүй ээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид ээ, дуусдаггүй зовлон тоочихоо болиод өөрсдийнхөө бүтээгдэхүүнд эрс шинэчлэл, ийм хувьсгал хийвэл гуйгаад, хайгаад байгаа мөнгө чинь гүйгээд ороод ирнэ гэдэгт итгэлтэй байна шүү.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж