Доналд Трампын удирдлага америк долларын ханш болоод зах зээлийн хүүг өсгөснөөр Монголын гадаад өрийн дарамттай байгаа өнөөгийн нөхцөл байдлыг улам дордуулах уу? Трамп эдийн засгийн ямар бодлого баримтлах магадлалтай, энэ нь дэлхийн эдийн засаг болоод Австрали зэрэг нээлттэй зах зээлийн эдийн засагтай орнуудад хэрхэн нөлөөлж болох талаар сонирхолтой нийтлэл Австралийн санхүүгийн Рэвью сэтгүүлд нийтлэгдсэнийг орчуулан хүргүүлж байна. Хэдийгээр Австралийн эдийн засагт нөлөөлөх талаар голчлон онцолсон боловч Монголын эдийн засагт мөн хэрхэн нөлөөлж болох талаар ойлголт өгөхөд тус дэмтэй байх болов уу.
Доналд Трампын гадаад худалдааны дайн Австралийн эдийн засагт хэр өртөгтэй тусах вэ
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсонтой холбоотой дэлхийн эдийн засагт ямар үр дагавар гарах нь олны анхаарлын төвд байна. Олон улсын худалдаа, санхүүгийн урсгалд бусад орнуудтай харьцуулахад илүү ихээр тулгуурладаг Австрали зэрэг нээлттэй эдийн засгийн хувьд энэ нь тодорхой хэд хэдэн асуудлыг хөндөхөд хүргэж буй юм.
Австрали улсын хувьд эдийн засгийн ямар үр дагавар авчрах вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд юуны өмнө асуух асуулт бол ерөнхийлөгч Трамп, нэр дэвшигч Трампын амалсан зүйлсийг хийх эсэх, хоёр дахь асуулт нь бодлогоо хэрэгжүүлэхээр шулуудсан ч гэсэн АНУ-ын конгресоор зөвшөөрүүлж чадах эсэх юм.
Доналд Трамп Бүгд найрамдах намынх гэхээс илүүтэй бие даагч. Түүний сонгуулийн сурталчилгааны үеэр байгаль орчин, нийгэм, цагаачлалын талаар илэрхийлсэн байр суурь нь барууны талыг баримталсан байсан бол түүний худалдаа, эдийн засгийн талаарх байр суурь нь зүүний талыг баримталсан байв. Тэр ихэнх дотоод бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын конгресоос дэмжлэг авах шаардлагатай болох бөгөөд хоёр танхимд хоюуланд бүгд найрамдах нам давамгайлж байгаа. Трамп бусад ерөнхийлөгчийн л нэгэн адил хууль батлуулахын тулд зөвшилцөл хийхээс өөр аргагүй.
"Америктай гэрээ"
Түүний “Америктай гэрээ” хэмээх мөрийн хөтөлбөрт нь тусгагдсан байр суурь болон хэлсэн үг нь хэрэгжих эсэх нь хэр бодитой вэ, энэ нь Австралийн эдийн засагт ямар үр дагавартай вэ? Австралийн хувьд хамгийн чухал байх эдийн засгийн хоёр асуудал бол АНУ-ын макро эдийн засгийн бодлого болон худалдааны бодлогод гарах өөрчлөлт юм.
Нэгдүгээрт, Трампын дэвшүүлсэн татварын шинэчлэл том бөгөөд өргөн цар хүрээтэй. Трамп орлогын албан татварыг 7 –оос 3- болгож хувийг мөн бууруулахаар төлөвлөж байгаа. Корпорацийн татварын хувийг 35-аас 15 хувьд хүргэн бууруулахаар төлөвлөсөн бөгөөд хилийн чанадад байршуулсан мөнгөө АНУ-д буцаан авчирсан корпорациудын татварыг 10 хувь болгон бууруулна гэж амласан. Мөн өв залгамжлалын татварыг алга болгох гэж байгаа. Татварын бодлогын төвөөс эдгээр татварын бууралтууд нь төсвийн орлогыг 2026 он хүртэл нийт 9.5 тэрбум ам.доллараар багасгана гэсэн тооцоо хийсэн байна. Энэ нь 2036 он гэхэд өр ДНБ-ний харьцаа 80 хувиар өснө гэсэн үг юм. Энэ нь 85 хувьтай байгаа одоогийн өр ДНБ-ний харьцааг барагцаагаар 2 дахин өсгөнө гэсэн үг юм.
Нийлүүлэлтийн талыг чухалчлагсад энэхүү их өр өөрийгөө санхүүжүүлэх шинэ орлогын эх үүсвэрийг бий болгоно гэж мэтгэлцдэг. Урт хугацаанд үнэхээр тийм байж магадгүй ч энэ бодлогыг хэрэгжүүлэх нь богино хугацаанд төсвийн алдагдал болоод өрийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдэг нь зайлшгүй юм.
Энэ нь бонд (засгийн газрын өрийн бичиг)-ын зах зээлд хоёр үр дагавартай. Ихээр нэмэгдэх өрийг зах зээл хүлээн авахын тулд урт хугацааны хүүгийн түвшин огцом өсөхөд хүрнэ. Эрэлтийг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогод илүү найдаснаар АНУ-ын төв банк сул мөнгөний бодлого баримтлахаа зогсоосноор богино хугацааны хүүгийн түвшин мөн л өснө. Татварыг бууруулснаар эрэлт нэмэгдэж инфляцийн түвшин одоо байгаагаасаа хурдацтай өсөх бөгөөд энэ нь мөн урт хугацааны хүүг өсгөх шалтгаан болно. АНУ-ын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр гадны хөрөнгө АНУ-руу урсах бөгөөд энэ нь ам. долларын ханшийг мөн хөөрөгдөх юм.
Ерөнхийлөгч Трамп томоохон дэд бүтцийн хөтөлбөр хэрэгжүүлж Америкийг дахин бүтээн байгуулна гэж амалсан. Энэ нь үнэхээр шаардлагатай шинэчлэл бөгөөд сайн хийж чадвал АНУ-ын богино болоод урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Трамп уг хөтөлбөрийг татварын урамшуулал үзүүлэх замаар хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэж санал болгосон. Хэрэв тэгвэл АНУ-д хэрэгцээтэй дэд бүтэц бий болно гэдэг эргэлзээтэй бөгөөд богино хугацаанд өрөөр санхүүжүүлэхээс өөр арга бараг л байхгүй.
Энэ бодлогыг хэрэгжүүлэх эсэхийг мэдэхийн тулд асуух чухал асуулт бол “Бүгд найрамдах намын толгойлж буй Конгрес өрийн таазыг нэмэгдүүлэхийн эсрэг удаан хугацааныхаа байр сууриас татгалзаж Европын хэмжээнд хүрч өр нэмэгдэхийг зөвшөөрөх үү?” гэдэг юм.
Трампын олон улсын худалдааны бодлого хэрэгжих магадлал илүү өндөр байна. Ерөнхийлөгч Трампт Транс-номхон далайн түншлэл, Хойд Атлантын чөлөөт худалдааны гэрээнээс гарах мөн ханшийг манипуляц хийж байгаах нь хариуд Хятадын бараанд гаалийн татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авахад Конгресоос зөвшөөрөл авах шаардлагагүй. Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа дотоодын зах зээлээ хамгаалах бодлого баримталбал худалдааны дайн гарахгүй гэх баталгаа байхгүй. Хэрэв тийм бол худалдааны дайн гарах нь эдийн засагт хэр өртөгтэй байх вэ? Дэлхийн банкны захиалгаар Андрью Стоекл болон миний бие худалдааны дайн дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар симуляц хийж үзсэн. Бидний судалгаагаар хэрэв АНУ бүх импортын бараандаа 40 хувийн татвар ногдуулбал АНУ-ын ДНБ татвар ногдуулаагүй хувилбартай харьцуулахад 1.2 хувиар буурах тооцоо гарсан. Хэрвээ бусад орнууд АНУ-ыг дагаж адилхан арга хэмжээ авбал АНУ-ын ДНБ 5.2 хувиар буурч эдийн засаг нь гүн хямралд орно. Харин энэ худалдааны дайнаас үүдэн Австралийн ДНБ 5.6 хувиар буурна гэж тооцсон. Симуляцаас Хятад АНУ-ын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээ зогсоовол, АНУ-д учрах сөрөг нөлөө улам ихсэх нь харагдсан. Сонирхолтой нь АНУ-аас татсан энэхүү Хятадын санхүүгийн зарим хувь Австралийн эдийн засагруу урсан орж ирснээр Австралийн ДНБ-д эерэгээр нөлөөлөх боломжтой. Том хэмжээний худалдааны дайн нь жижиг асуудал биш юм, ялангуяа дэлхийн эдийн засагийг эрүүл байлгах хувийн санхүүгийн ашиг сонирхолтой Америкийг дахин бүтээн байгуулахыг хүсч байгаа ерөнхийлөгчийн хувьд хэрхэвч жижиг асуудал биш юм. Явцуу улс төрийнх нь ашиг сонирхолыг хувийн болоод үндэсний ашиг сонирхолынх нь эсрэг авч үзвэл Трамп анх санал болгосон замаасаа хазайх болов уу гэж таамаглаж болохоор байна.
Дэлхийн тодорхойгүй байдал
Трампын удирдлага Дэлхийн эдийн засагт ямар үр дагавар авчрах нь авч хэрэгжүүлэх бодлого нь яг таг тодорхой болтол маш бүрхэг байна. Мөнгөний бодлогыг тэнцвэржүүлж төсвийн бодлогод суурилсан эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлэх магадлал илүү өндөр байгаа бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засагт эерэг нөлөөтэй боловч төсвийн бодлогыг хэрхэн санхүүжүүлэх нь ямар нөлөө бий болгоход гол ялгааг бий болгоно. Засгийн газрын өр нэмэгдэж урт хугацааны хүү өсөх магадлал өндөр байна. Энэ нь их хэмжээний зээл авсан орнууд болоод зах зээлийн үнэлгээ хөөрөгдөлтэй байгаа салбаруудын хувьд муу зүйл юм. Австрали улс дотоодын хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхдээ гадны санхүүжилтэд тулгуурладаг төдийгүй нээлттэй олон улсын зах зээлээс нэлээдгүй ашиг хүртдэг орон гэдэг утгаараа шинээр бий болох нөхцөл байдалд эмзэг байхаар байна.
Австралийн эдийн засгийн хувьд хамгийн муу сценари бол даяарчлалаас ухарч явцуу үндсэрхэг байдалруу шилжих хувилбар бөгөөд энэ тохиолдолд эдийн засагт учрах хохирол гаднаас ирэх сөрөг нөлөөг улам дордуулна. Австралийн хувьд даяарчлалаас ашиг хүртэхэд голлон анхаарч татвар шилжүүлгийн бодлогоор уг ашигийг эрх тэгш хуваарилахад анхаарах нь үндэсний ашиг сонирхол гэдэг тодорхой. Энэ ч утгаараа Австрали нь АНУ-аас өөр юм.
Мөн нэг чухал зүйл бол, татвар болоод төсвийн зарлагын бодлогыг шинэчлэх замаар төсвийн алдагдлыг илүү тогтвортой түвшинд хүргэж дэлхийн зах зээлийн хүү нилээдгүй өсч дэлхийн орлого буурах хамгийн муу нөхцөл байдалд ч эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх нь чухал байна.
Дотогшоо анхаарсан Австрали популист үндсэрхэг үзлийг дэмжиж хөхүүлэх нь ямар өртөгтэйг тод томруунаар харуулна.
Варвик Маккибин нь Австралийн үндэсний их сургуулийн, Крафордын төрийн бодлогын сургуулийн макро эдийн засгийн дүн шинжилгээний төвийн захирал бөгөөд Вашингтоны Брукингсийн их сургуулийн суурин бус ахлах гишүүн юм.
ЭХ МЭДЭЭГ: WWW.AFR.COM