Өлзийгийн галерей: Намайг үхэхээр гитартай минь оршуулаарай!

Хуучирсан мэдээ: 2016.11.25-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Намайг үхэхээр гитартай минь оршуулаарай!

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=31

Намайг үхэхээр гитартай минь оршуулаарай!

Испани хэлт уран зохиолыг Лоркагүй төсөөлөх аргагүй. Тэр онцгой сайн яруу найрагч төдийгүй алдартай жүжгийн зохиолч, театрт шинэчлэл хийсэн найруулагч, зураач байлаа. Үүгээр зогсохгүй, хөгжимд ч авьяас нь тод илэрсэн аж. 11 наснаасаа эхлэн зургаан жилийн турш төгөлдөр хуурын хичээл заалгажээ. Мөн маш сайн гитарчин байв. Оросын балетын оддын тоглолт төрсөн нутагт нь болоход Гарсиа Лорка өөр нэг гитарчны хамт тайзнаа шууд импровизаци хийж, тэр аялгуунд нь домогт Тамара Карсавина бүжиглэсэн түүх бий. “Намайг үхэхээр гитартай минь оршуулаарай!” гэх алдартай шүлгийг нь яруу найрагчид андахгүй. Түүний шүлгүүд хөгжимлөг, аялгуулаг байдлаараа испани хэлтний ертөнцөд гайхагддаг нь багадаа олж авсан хөгжмийн боловсролын нөлөө болов уу. “Лоркагийн аялгуут үгсийг өөр хэлэнд орчуулах боломжгүй” ч гэж ярьдаг.

Харамсалтай нь, түүний бүтээсэн утга зохиол, дүрслэх урлагийн ихэнх өв хүн төрөлхтөнөөс нүүр буруулжээ. Тодруулбал, хэвлэгдэж амжаагүй асар их бүтээл нь дайны үед, гэр нь бөмбөгдөлтөд өртсөнөөр устаж үгүй болсон юм. Лоркагийн хамгийн ХАЙРТАЙ найз бол аугаа зураач Салвадор Дали! Хоёр суутны нөхөрлөл, дурлалын тухай өгүүлсэн Little Ashes гээд кино бий.

Федерика Гарсиа Лорка урлаг, утга зохиолын супер дүр төдийгүй амьдарч асан цаг үеийнхээ улс төрийн ертөнцөд нөлөөтэй, том тэмцэгч байсан юм. Тиймээс ч 38-хан насандаа буудуулж нас нөгчжээ. Эгээ л, их Нацагдоржийн маань шарил хаана оршсоныг бид мэддэггүй шиг испаничууд Лоркагийн цогцсыг одоо хүртэл хайдаг. (Лорка ч, Нацагдорж ч 1936 онд хорвоог орхисон)

Түүний буудуулсан газарт Испанийн археологчид 2014 онд малтлага хийсэн ч амжилт олоогүй юм. Аугаа яруу найрагчийн гайхалтай зургуудыг сонирхоцгооё!

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж