Улс тунхагласны баярын гомдлыг тайлав

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Улс тунхагласны баярын гомдлыг тайлав

Тэмдэглэлт өдөр, бүх нийтийн амралтын өдөр гэж дуртай цагтаа өөрчилж, дуртай цагтаа амардаг боллоо. Эдгээр үйлт өдрийн нэг нь арванэгдүгээр сарын 26. 1924 оны арваннэгдүгээр сарын 24-нд монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр юм.

Социализмын үед энэ өдрийг Монголын газар нутаг дээр амьдарч буй монголчууд нь “мартагнаж”, харин хилийн чанадад сурч байсан монгол оюутнууд “халхын баяр” хэмээн тэмдэглэж байсан. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаас энэ түүхэн өдрийн ач холбогдлыг эргэн сэргээж, тэмдэглэх болсон. Харин Ардчилсан нам 2012 онд засгийн эрхэнд гарч ирсэнээр энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхыг болиулж, арванхоёрдугаар сарын 29-ны Үндэсний эрх чөлөөний өдөр болгон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болгосон. Харин МАН-ын засаг гарч ирээд буцаан хөөрхий арваннэгдүгээр сарын 26-ны “гомдлыг” тайлж өгч буцаан сэргээхээр шийдсэн. Сэргээх нэг хэрэг. Сэргээсний далимдуулж, Бямба гаригт таарсан өдрийг 25-ны Баасан гаригт шилжүүлсэн нь маргалдах дуртай хүмүүст бэлэн сэдэв боллоо.

Энэ өдөр төлөвлөсөн олон ажил цуцлагдаж, эргэн зар түгээх, байр савныхаа захиалгыг эргэн харах, оролцох хүмүүсийнхээ цаг завыг зохицуулах гээд өчигдөр оройноос олон ажил ундарлаа. Сонирхолтой нь энэ өдөр хөрөнгө оруулагчдын уулзалт байсныг бас хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Уг нь энэ арга хэмжээ мөнгөгүй гэж гоншигонож суугаа төрийнхөнд хэрэгтэй л байсан баймаар юм.

Баяр ёслол, амралтын өдрүүд, тэр дундаа үргэлжилсэн урт амралт хувийн хэвшил, бизнесийнхэнд хэр хүнд тусдагыг Саарал ордонд суугаа бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид огт мэддэггүй бололтой. Мөнгөгүй, орлогогүй байгаа юм бол нэг өдөр ч гэсэн илүү ажиллаж байж, илүү орлого бүтээх сэтгэхүй үнэндээ алга. Цаг агаар эрс хүйтэрч, гудамж талбайгаар явахад хүндрэлтэй байгаа үед нэг өдөр амрах нь иргэдэд сайхан сонсогдож магадгүй л юм. Иргэдэд таалагдах гэсэн сэтгэлээр шийдвэр гаргасан, эсвэл угаасаа Ардчилсан намын засаглалын үед гарсан бүх шийдвэрийг буцаах ерөнхий чиг шугамтай МАН-ы ээлжит элийрэл.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж