УИХ-ын гишүүн О.Баасанхүү лобби бүлэг байгуулахаар болж, өнөөдөр /2016.11.24/ УИХ-ын даргад мэдэгджээ. Энэхүү бүлэг нь найман гишүүнтэй бөгөөд Н.Энхболд, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарын гишүүн багтжээ. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг идэхтэй хийх юм байна. Энэхүү лобби бүлгийнхээ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Орхон аймгийн Цагдаагийн газар бүртгэлтэй 640 өрх байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байдаг гэсэн судалгаа бий. Нэг өрхөд багаар бодоход гурван хүн бий гээд бодоход, найман мянган хүн хүчирхийллийн дарамттай амьдарч байна. Тиймээс хүчирхийллийн асуудалтай бодлогоор тэмцэх ёстой” гэлээ.
Лобби бүлгийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай батлуулах чиглэлээр ажиллана. Мөн хууль санаачлагчид буцаасан Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг дахин оруулж ирэхээр төлөвлөжээ.
Т.НОМИН