УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд юуны түрүүнд дотоодын ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадад ажиллах хүч зуучилж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг хэлэх гишүүд байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ажилгүйдлийн түвшин буурсанаас энэ улс баян, ядуу гэсэн хоёрхон давхаргатай болох гээд байна. Тиймээс ажилгүйдлийг бууруулахын тулд одоо байгаа ажлын байрыг хадгалах, дундаж түвшнийхээ орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Засгийн газар энэ тал дээр илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй байна” гэсэн саналыг хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Гурван улирал дараалаад эдийн засгийн хасах үзүүлэлттэй гарсан байхад хямрал болоогүй, хямралыг даван туулж, эдийн засгаа сэргээнэ гэж ярих нь буруу. Эхний ээлжинд хямралыг зогсоохоос эхлэх нь зүйтэй байх. Хоёр жилийн өмнөх Засгийн газрын оруулж ирж байсан бодлогоос бүр дордсон хөтөлбөр байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зөв онош тавьж, зөв явах ёстой.Өдөр бүр сэтгэл эмзэглүүлсэн мэдээ сонсч байна. Хямралаа бид хүлээж авч байж дараагийн алхамаа хийх ёстой. Энэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх зүйл нь төрийн дотор бугшсан хулгайг зогсоож байж бид цаашаа зөв явна” гэлээ.
Улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл үүссэн энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах, аж ахуй нэгж, иргэдээ дэмжсэн бодлогыг явуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газар яаралтай авах ёстой, тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай дэмжиж, батлах ёстой гэдгийг гишүүд онцолж байлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлыг яаралтай хэлэлцэж, Засгийн газар ажил хийх боломжийг нь олгохын тулд чуулган түр завсарласаны дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, үдээс хойш чуулганы хуралдаанаар оруулж ирж, өнөөдөртөө батлах нь зүйтэй” гэлээ.
Гишүүд саналаа хэлсний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гарсан санал тус бүрээр санал хурааж, Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулганы хуралдаан үдээс хойш хуралдана.
Ш.ЧИМЭГ