Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн 11-р сарын ээлжит барилдаан арваннэгдүгээр сарын 19-д болж, 256 бөх барилдсанаас Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхангай дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал 8 даван түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Аврагч спорт хороо, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Серик үзүүрлэв.
Үзүүр түрүүний хоёрын барилдаан бариа зөрөөн дээрээс бужигнаж, Амаржаргал арслан давхар шуудагны барьц аван бяралхаж түрээд улмаар алсын шуудаг авч хашиж өргөж давсан юм. Тэрээр өмнөх даваанд буюу их шөвөгт а.а Б.Бат-Оршихыг хөнтөрч суйлах мэхээр тун сайхан хаяна лээ. Нутгийнхаа Их аварга Түвдэндоржийн дархан мэхүүдийн нэгээр давлаа гэж тайлбарлагч хэлж байв. Их шөвөгт аймгийн арслан Завханы Т.Бэгзсүрэн,Баянхонгорын Б.Бат-Орших нар шалгарав. Ийнхүү Булганы арслан түрүүлж, маргааш болох их аваргын ойдоо, нутгийн олондоо бэлэг барив… Сумын заан Г.Бадрах гурван хурц арсланг дараалан өвдөг шороодуулж, дунд шөвгийн наймд шалгарсан нь энэ өдрийн онцлох зүйлийн нэг байлаа. Мөн а.н О.Мөнх-Эрдэнэ а.а Ш.Пүрэвгарьд, а.х.а Б.Эрдэнэхүү, а.а М.Эркебулан нарын шилдэг арслангуудыг цувуулж хаян наймд шалгарсан бөгөөд а.а Бат-Оршихын мордох мэхэнд өвдөг шороодлоо… Дунд шөвгийн нөгөө 2 бөх нь а.а Т.Сайханжаргал, а.з Ч.Эрдэнэсйахан нар байсан юм. Дарханы а.з С.Очирбат хэдийгээр шөвгөрч чадаагүй ч гэлээ сайхан барилдаан үзүүлж байв. Дашрамд дуулгахад барилдааны өмнө МҮБХ-ноос хийсэн яриан дээр бөхчүүдийг М болон Ц сектор хойшид үргэлж сууж зодоглохыг дахин сануулсан бөгөөд залуус маань тус секторууд руу шахаж сууцгаасан нь "өөрчлөлтийг өөрсдөөсөө" эхлэх нэгэн алхам гэж үзэн талархууштай санагдав.
Тус барилдааны өмнө МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч у.з Д.Мягмар, у.х Д.Сэрээтэр, у.н Г.Пүрэв-Очир нар бөхчүүдтэй уулзалт хийж, бөхийн ёс жудаг, барилдааны үеийн шинэчлэгдсэн журмууд, наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсон тухай, тэр шинжилгээг хэрхэн авах, хэрэгжүүлэх шинэ журмын тухай зэрэг асуудлаар нэлээд дэлгэрэнгүй яриа хийсэн юм. Барилдах бөхчүүдийг 13 цагт бэлэн байх зарыг нэлээд түгээсэн боловч 82 бөх яг цагтаа ирсэн байлаа. Аймгийн хурц арслан болон арслангуудын дийлэнх нь яриа дундаа орсон хойно, зарим нь дуусч байхад орж ирж байгаа харагдав… Дөрвөн бөх асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Зургаагийн даваа
1. Б.Серик а.а –Г.Бадрах с.з
2. Д.Амаржаргал а.а–Ч.Эрдэнэсайхан а.з
3. Т.Бэгзсүрэн а.а –Т.Сайханжаргал а.а
4. Б.Бат-Орших а.а–О.Мөнх-Эрдэнэ а.н
Долоогийн даваа
1. Б.Серик а.а–Г.Бадрах с.зТ.Бэгзсүрэн а.а
2. Д.Амаржаргал а.а–Б.Бат-орших а.а
Наймын даваа
1. Б.Серик а.а –Д.Амаржаргал а.а
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/
ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn