Булган аймгийн Хангал сумын харьяат, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр/2016.11.25/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат, Хангарьд спорт хороо, UFS группийн бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Хангарьд спорт хороо, Ньюпрогресс группийн бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын начин Б.Амарзаяа, энэ жил Төв аймгийн баяр наадамд түрүүлсэн, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарлаа. Ууганбаяр у.а П.Бүрэнтөгс, у.ав Г.Эрхэмбаяр, у.а Н.Батсуурь нарыг дараалан хаяж урамтай сайхан барилдаж ийнхүү их шөвөгт шалгарсан юм. Пүрэвсайхан заан а.а Ууганбаярыг олон угсраа мэхээр тэвдүүлэнгүүтээ мушгиад дарчихсан бол Энхбат начин Амарзаяа начинг гишгэдэл алдахад нь суйлаад хаячихсан юм.
Индэрт Булган аймгийн НЗ-ийнхөн, алдар суутнууд, их аваргын үр хүүхэд, ач зээ нар, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баямөнх, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба болон олон ахмад бөхчүүд хүрэлцэн ирж тухалжээ.
Зургаагийн даваа
1. Н.Батсуурь у.а –Э.Ууганбаяр а.а
2. Б.Пүрэвсайхан у.з–О.Хангай а.а
3. Д.Бат-Эрдэнэ у.х –Э.Энхбат у.ө.и.н
4. Б.Амарзаяа у.н–Д.Амаржаргал а.а
Долоогийн даваа
1. Б.Пүрэвсайхан у.з–Э.Ууганбаяр а.а
2. Э.Энхбат у.ө.и.н–Б.Амарзаяа у.н
Наймын даваа
1.Б.Пүрэвсайхан у.з –Э.Энхбат у.ө.и.н
/үзүүрлэв/ /түрүүлэв/
ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn