-Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр зах зээлд зарагдахгүй байгаа орон сууцнуудыг хашаа байшингаар зарах боломжтойг дуулгаад сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар “Буян Ухаа” хороололд борлогдоогүй 200 байр байна-
Нийслэлийн иргэн Б.Зоригт Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд эхнэр, гурван хүүхдийн хамт гэрт амьдардаг. Өвлийг өнөтэй давахын тулд 250 мянгаар нүүрс, түлээгээ бэлтгэжээ. Хүүхдүүд нь өглөө эрт хичээлдээ явдаг тул гэрийн эзэгтэй үүрийн таван жингээр босч байшингаа галладаг. Гурван хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх үүрэг эхнэрт ногдсон тул ажил хийх боломжгүй. Өөрөө сарын 700 мянган төгрөгийн цалинтай. Хоол унд, хувцас хунар гээд таван ам бүлд түүний цалин арай гэж хүрнэ. Халуун дулаахан, бас орчин үеийн орон сууцанд амьдрахыг хүсдэг ч түүнд хурааж хуримтлуулсан мөнгөгүй, цалин нь банкны шаардлагад яагаад ч тэнцэхгүй.
Хашаа байшин нь автобусны буудлаас хол, дээр нь арилжааны банкны шалгуурт тэнцээд, урьдчилгаагаа төлөх боломжгүй хүмүүст үнэндээ хашаа байшингаа байраар солих нь алдагдалгүй наймаа.
Тиймээс хэзээ ч орон сууцанд амьдарч чадахгүй гэж Б.Зоригт боддог байжээ. Харин одоо түүнд орон сууцтай болох боломж байгааг олж харсан гэнэ. Тэгвэл дулаахан байранд, эхнэр хүүхэд нь даарахгүй, ар гэр гэж санаа зовохгүйгээр ажлаа сайн хиймээр байна гэж мөрөөдөв.
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр зах зээлд зарагдахгүй байгаа орон сууцнуудыг хашаа байшингаар зарах боломжтойг дуулгаад сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар “Буян Ухаа” хороололд борлогдоогүй 200 байр байна. Эдгээр байрыг хашаа байшингаар солино гэсэн “мессеж”, цалин багатай, урьдчилгаагүй, Б.Зоригт шиг хэзээ ч байртай болж чадахгүй гэж боддог олон хүн итгэл төрүүлж байна.
Хашаа байшин нь автобусны буудлаас хол, дээр нь арилжааны банкны шалгуурт тэнцээд, урьдчилгаагаа төлөх боломжгүй хүмүүст үнэндээ хашаа байшингаа байраар солих нь алдагдалгүй наймаа. Зараад орон сууцанд оръё гэхнээ хашаа байшин үнэд хүрдэггүй нь үнэн. Тэгээд ч эдийн засаг хямарснаас болоод хашаа байшингийн үнэ 2010-2013 онтой харьцуулахад 20-30 хувиар унажээ. Зарна гэсэн зарыг гурван сарын турш зарлаад ч сонирхох хүн байхгүй байгааг иргэд хэлж байна.
Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хүрээнд 74 мянган өрх орон сууцтай болсон. Гэвч, дахиад 200 мянган хүн орон сууцтай болох хэрэгцээ, нөгөө талаасаа зах зээлд борлогдоогүй 34 мянган орон сууцыг эргэлтэд оруулах эдийн засгийн болоод нийгмийн шаардлага бий.
Нөгөө “энэ хоёр эрдэнийг нийлүүлбээс” гэдэг шиг хашаагаа байраар солих, байраа эдийн засгийн эргэлтэд оруулах хоёр хүсэл сонирхлыг нэг цэг нийлүүлсэн тохиолдолд хэн хэндээ ашигтай, гоё наймаа болж мэдэх нь. Ялангуяа эдийн засаг хямарсан энэ үед хашаа байшингаар зарагдахгүй байгаа байрыг солих нь уналтад орсон барилгын салбараа дэмжсэн шийдвэр болно. Ипотекийн зээл бол зорилтот бүлгийнхэнд зориулагдаагүй гэдгийг анхнаасаа зарласан. Шинэ журамд ч урьдчилгаа 30 хувиа тушааж байж ипотекийн зээлэнд хамрагдана гээд заагаад өгчихсөн. Гэтэл урьдчилгаагүй хэрнээ цалин нь арилжааны банкны шаардлагыг хангаж байгаа, урьдчилгаагүй, арилжааны банкны шаардлагыг ч хангаж чадахгүй хүмүүсийн хувьд том боломж. Орон сууцанд хүсэлтэй байгаа 200 мянган өрхийн 80 хувь нь яг ийм зовлон тоочдог байна. Тиймээс ашиглалтад орсон орон сууцыг хашаа байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж дүгнэж болно.
Үнэндээ үүрийн таван жингээр босч, үнс нурамтай ноцолдон, хөхөө өвлийн хүйтэнд хөрч, даарахыг хэн хүсэх билээ. Хүний амьдралын хамгийн том баталгаа бол орон байр. Дулаахан, тохилог орон сууцны байрыг эвдэрч муудсан хашаа байшингаараа солих хүн олон.
Гэхдээ энэ сайхан санал төрийн байгууллагууд, бас хотын захиргаа хамтран шийдэж байж бүтэх асуудал. Иргэд хүлээж байна. Хэн хэндээ ашигтай энэ наймааны цаанаа агаар бохирдуулдаг эх үүсвэрийн тоо 200 яндангаар буурч, нөгөө талдаа иргэд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх болно шүү дээ.
Ж.ЭРХЭС