-Түгжрээтэй, хальтиргаатай байна очих боломжгүй, уучлаарай гэсэн ёсорхуу үгээр халхавч хийж, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэх юм бол үйлчилгээ эрхлэх гэж зөвшөөрөл авах хэрэг байсан уу-
Зовох цагт нөхрийн чанар гэдэг шиг цас, борооноор хотын маань дэд бүтцийн хүрэлцээ, үйлчилгээний соёл, барилга байгууламжийн яс чанар нь танигдаад ирдэг болжээ. Хэдэн өдөр дараалан орсон цас, гэнэтийн хүйтрэлтэд хөдөө, хотгүй барьц алдсан хэдий ч энэ удаагийн цаг агаарын онцгой нөхцөл байдал олон юмны үнэн мөнийг илчилж, удаан үргэлжлэх өвөл /энэ жилийн өвлийн сар дөрөв байна гэж зурхайд буужээ/, ард нь хүлээж буй хаврын хавсаргат өдрүүдэд юунд анхаарч ажиллах вэ гэдгийг сануулсан нь сайн хэрэг.
Цастай, шуургатай өнгөрсөн өдрүүдэд хамгийн эрэлттэй хэр нь олдохгүй зовоосон зүйл бол такси байлаа. Зам дагуу гар өргөн эгнэн зогссон хүмүүстэй хотын хаана ч таарч болох бөгөөд хүүхдээ тэвэрсэн, хажуудаа хөтөлсөн, хөгшдөө сугадсанаас бусдад зорьсон газартаа алхаж хүрэхээс өөр сонголт үлдээгүй юм. Гэхдээ өвөлжин алхана гэдэг төсөөлшгүйн дээр нэг сая гаруй хүн амтай хотын такси үйлчилгээ ийм тааруу байгаа нь асуудал юм. Дэлхий нийтийн жишгээр бол сая хүн амтай хотод дор хаяж 2500 такси үйлчилж байх учиртай юм байна.
Гэтэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Улаанбаатарт 19 аж ахуйн нэгжийн 551 такси үйлчилгээнд явдаг байна. Мэдээж дээр нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж, олны нэрлэдгээр халтуур хийгчид цөөнгүй. Гэвч албан ёсны үйлчилгээ эрхлэгчид дэлхийн стандартаас даруй тав дахин бага байгаа болохоор Улаанбаатар хотынхон явган нүцгэн гүйх нь аргагүй юм. Албан бус үйлчилгээнийхэн аль орлоготой цагт /голчлон шөнийн цагаар/, ашигтай чиглэлд үйлчлэхээс бус хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж ажилладаггүй нь цас шуурсан өдрүүдэд харагдсан. Тэд цас, шуурганд тэвдсэн хүмүүст туслая, үйлчилье гэхээсээ илүүтэй ашиг олохыг л чухалчлах нь мэдээж. Хачирхалтай нь албан ёсны такси үйлчилгээ эрхлэгчид ч “Хэрэгтэй үед хэрмийн нүд” шиг ховрын бараа болчихдог юм байна. Такси үйлчилгээг дуудлагаар авъя гэхнээ оператор хүүхнүүд “Яг наана чинь манай такси очих боломжгүй байна”, “Таны байгаа чиглэлд түгжрээ ихтэй байна, уучлаарай” гэсэн хариу өгөх нь түгээмэл болжээ. Түгжрээтэй, хальтиргаатай байна очих боломжгүй, уучлаарай гэсэн ёсорхуу үгээр халхавч хийж, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэх юм бол үйлчилгээ эрхлэх гэж зөвшөөрөл авах хэрэг байсан уу. Тэр бүх эрсдлийг даван туулж, иргэдийн хэрэгцээг хангана гэж л такси үйлчилгээний зөвшөөрөл авдаг, зөвшөөрлийг нь олгодог байлтай. Эрсдлийг нь тооцсон болоод илүү үнэ тогтоож, хүлээлгийн мөнгө хүртэл нэмдэг гэж иргэд ойлгодог. Энгийн “халтуурчид” нэг км-ын хөлсийг 800 төгрөгөөр тооцдог бол албан таксинууд эхний нэг км-ыг 1000 төгрөгөөр тооцохын дээр км хүрэхгүй газар явсан ч 1000 төгрөг авдаг. Мөн дуудлагын үнэ 1000 төгрөгийг нэмж тооцдог гэхчилэн өөрсдөдөө учирч болох эрсдлээс хангалттай сэргийлсэн байдаг.
Нөгөөтэйгүүр такси үйлчилгээ эрхлэгдийн үйлчилгээний соёлын талаар энд өгүүлэхгүй өнгөрч боломгүй байна. Гар өргөн такси дуудах иргэдийн дэргэд ирээд “хаа хүрэх вэ” хэмээн ёс мэт асуудгаа больчихвол яасан юм бэ, жолооч нар аа. Хаана ч байлаа хүргэж өгөөд, хөлс мөнгөө авах үүрэгтэйгээ бүү мартаач. Ойрхон байршилтай газрын нэр сонсуутаа зугтаад алга болчихдог, туулсан замаа байнга нэмж тооцдог жолооч, тамхины утаа, архины эхүүн үнэр, шавар, шавхайтай машин хоёроос залхахдаа хүмүүс аргагүйн эрхэнд машин худалдан авахад хүрдэг. Хэрэвзээ такси үйлчилгээг стандартын дагуу, соёлтой, элдэв хүнд сурталгүй явуулдаг байсан бол бензинд бус таксинд мөнгөө зориулах хүн цөөнгүй бий. Ядаж л өвлийн хальтиргаа гулгаа, түгжрээнд нервээ барахын оронд өглөө оройдоо таксидахыг илүүд үзэх байсан даа. Тэр хэрээр замын түгжрээ багасч, таксичдын орлого нэмэгдэх билээ.
Зөвхөн гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчилдэг ганган такси нийслэлд бас бий. Тас хар өнгөтэй, дээрээ симпортой, жолооч нь дүрэмт хувцастай, дотроо “мини бар” хүртэл байрлуулчихсан дээдсийн хүрээний таксинууд “Улаанбаатар” их дэлгүүр, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Үндэсний соёл амралтын хүрээлэн, томоохон зочид буудлуудын үүдэнд л зогсдог. Тэднээр үйлчлүүлэх хувь эгэл иргэд бидэнд байхгүй. Учир нь, тэд км тутамдаа 3000 төгрөгөөр үйлчилдэг. Тийм тансагаа байг гэхэд суусан хүнийг угаартуулаад унагачихгүй, элэг бөөрнийх нь байрыг сольчихолгүй зорьсон газарт нь хүргэдэг соёлтой, боловсон, хэр таарсан үнэтэй үйлчилгээг иргэд хүсч байна. Эс тэгвээс гарчигт дурдсан шиг “Таксигүй хот, таксигүй нийслэл” дэлхий дахинаа зарлачихвал яасан юм бэ.