Колумбын ЗГ босогчидтой энхийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

Колумбын ЗГ босогчидтой энхийн гэрээ байгууллаа

Колумбын засгийн газар босогчдын Фарк бүлэглэлтэй энэ Пүрэв гаригт /2016.11.24/ энхийн гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Өнгөрсөн аравдугаар сард хоёр тал хэдийгээр энхийн гэрээ байгуулсан боловч олон нийтийн санал асуулгаар дэмжигдээгүй юм.

Зүүн гар талаас Колумбын ерөнхийлөгч, Нобелийн шагналт Хуан Мануэл Сантос, “Фарк” босогчдын бүлэглэлийн тэргүүн Тимолеон Жимэнез

Одоогоос хоёр сарын өмнө ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос болон “Фарк” бүлэглэлийн тэргүүн нар уг гэрээнд гарын үсэг зурч, тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулсан боловч аравдугаар сарын 2-нд олон нийтийн санал асуулгаар дэмжигдээгүй юм. Мөн Колумбын сөрөг хүчнийхэн энэхүү гэрээг хүний эрхийг ноцтой зөрчиж буй босогчдыг шийтгэхэд тохирсон арга хэмжээ биш гэж үзэж байгаа юм.

Шинэчилсэн гэрээний гол зорилго нь 220 мянган хүний аминд хүрч, 50 жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөх юм. Колумбын ерөнхийлөгч, Нобелийн шагналт Хуан Мануэл Сантос телевизээр дамжуулан ард иргэдэд мэдэгдэхдээ “Манай улсын түүхэн дахь энэхүү сэтгэл өвтгөм хэсгийг дуусгавар болгох таатай боломж бидэнд бий боллоо” гэв. Тэрээр эх орондоо хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоох оролдлого, хичээл зүтгэлээрээ өнгөрөгч аравдугаар сард Нобелийн энх тайвны шагналын эзэн болсон бөгөөд шагналын мөнгө болох 925,000 ам.долларыг дайны хохирогчдод хандивлана гэсэн юм.

Колумбын ерөнхийлөгч асан Алваро Урибэгээр удирдуулсан Засгийн газрын сөрөн хүчин гэрээг хэтэрхий босогчдын талд үйлчилсэн гэж үзсэн учир “Фарк” болон засгийн газрын төлөөлөгчид уг гэрээнд 50 гаруй өөрчлөлтийг оруулсан байна.

Колумбын ерөнхийлөгч асан Алваро Урибэ

Гэсэн хэдий ч Урибэ болон бусад сөрөг хүчний гишүүд дээрх өөрчлөлтүүдийг гүн гүнзгий бус өнгөцхөн байсан хэмээн шүүмжилжээ. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж