Өнөөдөр “Байгаль”, “Ертөнц” цомгийг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Байгаль”, “Ертөнц” цомгийг эгшиглүүлнэ

-“Дэлхий” хамтлаг “Байгаль”, “Ертөнц”-өөр аялуулна-

Гадаа өвлийн жавар тачигнан байгаа энэ цагт “Дэлхий” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд усны хоржигнох чимээ, зуныг санагалзуулан мяралзан сэтгэл дулаацуулна.

Азийн ятга хөгжмийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ийнхүү усыг дэргэд мэт амилуулж, хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгийн гайхалтай аялгууг “Дэлхий” хамтлагийн хамт эгшиглүүлэн байлаа. Учир нь байгаль эх, ертөнцийг хөгжмийн хэлээр мэдрэх нэгэн гайхалтай тоглолт өнөөдөр 21.00 цагт “Gandan View”-д эгшиглэхээр ийнхүү хэдийнээ бэлтгэлээ базаажээ. 

“Bro’s Records”-ын уран бүтээлчид санаачлан гаргасан “Ертөнц”, “Байгаль” цомгийн амьд тоглолт, шоу үдэшлэгийг “Дэлхий” хамтлагийнхны энэ сарын 26-нд буюу өнөөдөр ийнхүү тайзнаа амилуулна. Амьд хөгжмийн тоглолтод урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “ТВ Коктейль” хамтлаг, дуучин Г.Тэнүүн нар оролцох аж.

“Дэлхий” хамтлагт эдгээр цомгуудыг өлгийдөн авсан хөгжмийн зохиолч Г.Онон, Азийн ятга хөгжмийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Атка буюу Ц.Алтангэрэл, гитарчин Э.Оргилболд, басс гитарчин Б.Хосбаяр, лимбэчин Б.Мягмарцэрэн, цохилуур хөгжимчин Д.Мөнхбат, даралтат хөгжимчин Ш.Батбаяр нар багтдаг. Тэд хамтлагаараа 2013 онд “Ертөнц” цомгийн тоглолтоо Монголын хүүхдийн ордонд толилуулан нэгдэж байсан юм. Мөн Мэлхий хадан дээр анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн билээ.

2013 онд өлгийдөн авсан “Ертөнц” цомгийн онцлог нь нүүдэлчдийн хөгжмийн хэмнэл эгшиг, байгалийн дуу чимээг мартагдах шахсан хэл хуур, цуур, хобис, товшуур хөгжим болон орчин цагийн хөгжимтэй хослуулан байгаль дээр “гэр студи”-д бичсэнээрээ онцлог цомог юм. Энэхүү цомгийн үргэлжлэл болон 2016 онд нэгдүгээр сард “Байгаль” цомгоо гаргасан нь борлуулалтаараа тэргүүлсээр байгаа шилдэг цомгийн нэг.

Тоглолтын “After Party” “Temple” клубд үргэлжлэн DJ BTR, Deez, Билгүүдэй нар “Ертөнц”, “Байгаль” цомгийн ремиксүүд болон өөрийн сэтээ тоглуулах нь ээ.

Амралтын өдрийн үдшийг хөгжмийн хэмнэлээр чимэхийг хүссэн хэн бүхэнд “Gandan View”-г зорин “Байгаль”, “Ертөнц”-ийг анирдаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж