Засгийн газраас 2017 онд Тусгай зориулалтаар агнах амьтны тоо толгой, жишиг үнийг шинэчлэн тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

Засгийн газраас 2017 онд Тусгай зориулалтаар агнах амьтны тоо толгой, жишиг үнийг шинэчлэн тогтоолоо

Монгол улс нөхөн сэргээгддэг байгалийн нөөц баялагийн нэг болох амьтны нөөц тэр дундаа аргаль хонь, янгир ямаа, халиун буга, тул загас зэрэг ховор амьтныг гадаад дотоодын иргэнд тусгай төлбөр төлүүлж агнуулж барьдаг.

Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт: жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг.

Дээрх хуулийн дагуу 2017 онд тусгай зориулалтаар агнах амьтны тоо толгойг  аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага болон агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч байгууллагын санал, агнуурын амьтны нөөц зэргийг харгалзан угалз 68, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар, мөн агнуурын амьтны нэгж толгойд ногдох жишиг үнэ, төлбөр, хураамжийг 2001 он, 2005 оны инфляцийн түвшин, ан агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага, ШУА Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн санал зэргийг харгалзан 30 хүртэл хувиар жишиг үнийг нэмэгдүүлэн шийдвэрллээ.

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд ирэх онд улсын төсөвт гурван тэрбум гаруй төгрөгийн орлого оруулна гэж тооцоолж байна.

2016 онд  60 угалз, 70 тэх, 30 халиу буга, 20 саарал чоно, тус бүр 10 зэрлэг гахай, бор гөрөөс, 150 цагаан зээр, 400 хүртэл агнуурын шувууг агнуулах, 400 тул загас барьж буцаан тавиулахаар 2015 онд шийдвэрлэж байжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг ороод байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж