800 сурагч андгай өргөнө

Хуучирсан мэдээ: 2016.11.25-нд нийтлэгдсэн

800 сурагч андгай өргөнө

МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа энэ сарын 26-нд Төрийн ордны их танхимд болно. 

Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй уг ёслолд нийслэлийн 7 дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэй гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид  хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, эх оронч үзэлтэй шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.

Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья”, залуу бизнесменүүдийг төлөөлж "Монос" группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Zero to Hero” сэдэвт лекц унших аж.

2016 оны 11-р сарын 26-ны өдөр болох “Иргэний андгай өргөх ёслол”-д “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, “Амжилтын хэлхээ” ТББ-ын тэргүүн О.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Б.Одончимэг, загвар өмсөгч С.Сарнай, Сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Билгүүн нар урилгаар оролцоно.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж